УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байна. Хоригийг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр танилцууллаа. Тус хуулийн өөрчлөлтөөр АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ томилдог байсныг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилох өөрчлөлтийг хийсэн билээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо тус хоригийг хүлээж авах шаардлагагүй хэмээн үзсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Анх АТГ-ын дэд дарга нас барсан учраас оронд хүн томилно гэж л энэ хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн. Түүнээс хэнийг томилох эсэх нь Ерөнхийлөгч байсан. Орлогчийнх нь тухай ярьж явснаа томилгоог Ерөнхий сайд шийдье гэж ярьсан. Тухайн үед би дэмжиж байсан. Гэхдээ би одоо эргэлзэж байна. Нэгдүгээр сарын 19-ний өдөр юу болов. Авлигачтай тэмцээд олон улсад явж байсан мөнгийг саатуулах л ажил болоод хувирчихлаа. Үүн дээр би нам яриагүй шүү. Ерөнхийлөгчөөс аваад Ерөнхий сайдад томилох эрхийг өгчихөөр нэг намын даргад эрх мэдлийг өгнө гэж ярьж байна. Буруу л юм хийж байна даа. Нью-Йоркийн шүүх хурал дээр процесс явж байхад нэхэмжлэлийг хэн татаж авсан юм. Монгол Улсын нэхэмжилж байсан оффшорт маш их мөнгө байна, Монголын газрын баялгийг хулгайлж дээрэмдээд гадагшаа гаргачихсан байна гээд явсан байсан юмны нэхэмжлэлийг хэн татсан юм бэ. 19-ний өдөр нэхэмжлэлийг хүлээж авсан. Нэгдүгээр сарын 20-ны өдөр Хүрэлсүх огцорсон. Би одоо л асуудлыг ойлгож байна. Ингэвэл Монгол Улс дампуурна шүү. Юун хонгил. Оффшорт оччихсон байсан юмыг зогсоох гэж байна. Би намын талаар яриагүй шүү, монголчуудын баялгийн тухай ярьж байна. Хүрэлбаатар сая хэллээ, оффшороос нэг ч төгрөг орж ирээгүй гэж. Та нар зогсоож байгаа юм чинь яаж орж ирэх юм. Хүрэлбаатар аа чи зогсоож байгаа. Хүрэлбаатар өөрөө энэ хэрэгтэй холбоотой. Дамаар холбогдоно. Тэр Солонгос чинь ял аваад явчихсан. Гэтэл Хүрэлбаатар энд Монгол Улсын Ерөнхийлөгчийг тувт доромжилж, хамсаатнаа өмөөрдөг. Хэрэг хуучирдаггүй юм шүү. Эрт орой хэзээ нэгэн цагт илэрнэ. Хэрвээ та нар 60 хэдээрээ түрий бариад явах гэж байгаа бол, бяр чадлаа гаргах гэж байгаа бол монголчууд босно шүү. Одоо боль та нар. Энэ хуулиа татаад авчих. Ойлголцоод л явдаг ш дээ. АТГ-ын даргыг өөрсдөө авчихаад яргалах гэж байгаа бол алалцана шүү, ойлгосон уу. Үүнийгээ боль.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хэлэлцэх эсэхийг байнгын хороогоор шийдэхэд Б.Энхбаяр ахалсан. Үүнд ямар нэгэн Үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй. Анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Ж.Сүхбаатар гишүүн АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилох өөрчлөлт хийх зарчмын зөрүүтэй санал гаргаж, дэмжигдсэн. Ингэхдээ томилгооны сонсгол хийж шийддэг байхаар оруулсан.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: С.Бямбацогт одоо муу сурдаг хүүхдэд юм тайлбарлаж байгаа юм шиг. Би онц сурдаг шүү. Чи битгий олон юм яриад бай. Битгий ингэж мушгиж гуйвуулаад бай. Би шударга бус юманд үнэхээрийн дургүй хүрдэг. Би өөртэй чинь хамтраад ажлаа хийгээд энэ байнгын хороонд явж байгаа. Чи яагаад ингэж худлаа хэлээд байгаа юм. Дэд дарга нь нас барсан учраас дараагийн дэд даргыг томилно гэж л энэ хуулийг анх оруулж ирсэн. Өнөөдөр 250 сая орчим ам.долларын хэрэг олон улсад явж байна. Хонконгт хөрөнгө битүүмжилсэн, Лондонд хөрөнгө битүүмжилсэн, Нью-Йоркт хурал нь явж байхад Монгол Улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюутолгой гэдэг нөхдүүд нэхэмжилж явснаа 19-ний өдөр татаж авсан. 20-нд Хүрэлсүх огцорсон. Одоо боль та нар. Ер нь нууц юм байхгүй шүү.












Сэтгэгдэл бичих