Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2026 оны эхний 11 сарын байдлаар эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтантай холбоотой гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.
Тодруулбал, сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилсон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, худалдан авалтыг хууль бусаар зохион байгуулсан зэрэг асуудлаар гомдол, мэдээлэл ирсэн байна.
Тухайлбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.О нь хууль бус үүрэг, чиглэл өгч мөнгө гаргуулан авч зарцуулсан, сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийн албан тушаалтанд амаар үүрэг өгч, холбогдох албан тушаалтнуудад хууль бус давуу байдал бий болгосон гэх асуудалд холбогджээ.
Мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шаардлагыг бүрэн хангасан бусад нэр дэвшигчдийн эрхийг хязгаарлаж, суралцах боломжийг нь алдагдуулсан гэх гомдол, мэдээлэл ирсэн байна.
АТГ-аас дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.
Түүнчлэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.У-ийн хүний нөөцийн сонгон шалгаруулалт, томилгоо, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичгийг Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн байна.
Үүний дагуу Эрүүл мэндийн сайд 2026 оны гуравдугаар сард нийслэлийн дүүргүүд болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад “Албан даалгавар” хүргүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлжээ.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар












Сэтгэгдэл бичих