Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба, хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж тэргүүтэй лам хуврагууд энэ сарын 21-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Д.Жавзандорж тэргүүн хамба тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Жингак буддын шашны Ерөнхий тэргүүлэгч Нэвон болон Ким Жэхвак ламтантай уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Жингак буддын шашин нь 1947 онд Хведан их багшийн үндэслэн байгуулсан, Солонгосын тарнийн хөлгөний уламжлалд тулгуурласан шашны урсгал юм. Тус байгууллага нь шашны үйл ажиллагаанаас гадна боловсрол, нийгмийн халамж, хүмүүнлэгийн чиглэлээр ажилладаг байна.

Уулзалтаар өмнө нь байгуулсан боловсролын салбарын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд лам хувраг, суралцагч, багш, судлаачдын солилцоог өргөжүүлэхээр санал нэгдсэн байна. Мөн хамтарсан судалгаа, сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Бурханы шашны гүн ухаан, уламжлал, соёлын өвийг судлах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцжээ.
Энэхүү айлчлал нь Монгол, Солонгосын Бурханы шашны байгууллагуудын харилцааг бэхжүүлж, боловсрол, эрдэм шинжилгээ, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд











Сэтгэгдэл бичих