“Ногоон автобусны” гэх тодотголтой “Тэнүүн-Огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шийдвэрээ гаргалаа.
А.Ганхуягийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3, 3.3.1-д заасны дагуу “Бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах зарчмаар их хэмжээний хохирол учруулж, уг гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцжээ. Түүнийг 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээтэй буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
Шүүгдэгч А.Ганхуягт өмнөх шийтгэх тогтоолоор 7 жил хоригдох ял өгсөн билээ. Энэ удаагийн шийтгэх тогтоолоор гэм буруу, хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан үзжээ.
Тодруулбал, А.Ганхуяг учирсан хохирол, хор уршиг болох 88 тэрбум төгрөгийг хувийн болон компанийхаа зүгээс нөхөн төлсөн. Үүнийг шүүхээс онцгойлон анхаарч, хохирлыг бүрэн төлсөн, хор уршиг арилсан учраас хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж мэдээлжээ. Тиймээс түүний эрүүл мэнд, гэмт хэрэгт анх удаа холбогдсон зэргийг харгалзан үзэж, хорих ялыг торгох ял болгон өөрчиллөө.
Шүүгдэгч Ч.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн “Нийтийн албан тушаалтан албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тооцжээ.
БНСУ-ын иргэн шүүгдэгч К.Киэбаум, Л.Жонсоб Залилах гэмт хэргээр их хэмжээний хохирол учруулж, хамжигч болон гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тооцжээ. Л.Жонсобыг 30 сая төгрөгийн торгох ялаар, К.Киэбаумыг 35 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
Ж.Эрдэнэбатыг залилах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцжээ. Ингэснээр хоёр жилийн хугацаанд нийтийн албанд ажиллахыг хориглож, нэг жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оноолоо. Мөн 20 сая төгрөгөөр торгосон байна.











Сэтгэгдэл бичих