Монгол Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг /УНТЭ/нь улсын хэмжээний лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1200 гаруй хүнд үйлчилдэг. Яаралтай тусламжийн тасгаар цагт 70 орчим хүн хүлээн авч, өдөрт 60 гаруй төрлийн мэс ажилбар хийдэг өндөр ачаалалтай байгууллага юм. Гэвч сүүлийн үед удирдлагын богино хугацааны халаа сэлгээ, хэт улс төржилтөөс шалтгаалан эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа доголдох нөхцөл үүссэн талаар эмч, ажилтнууд өнөөдөр /2026.02.26/ мэдээллээ.
УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний зөвлөх эмч Ц.Ганбат “Манай тасаг 24 ортой ажилладаг. Харин яаралтай тусламжийн 12 ор засварт орсноос үүдэн ачаалал эрс нэмэгдсэн. Засвар найман сар үргэлжилж байгаа ч одоогоор бүрэн хүлээлгэн өгөөгүй байна. Өмнө нь эмнэлгийн удирдлага жилд нэг, хоёр удаа солигддог байсан бол сүүлийн үед энэ байдал улам дордож, долоо хоногт хэд хэдэн удаа дарга солигдох тохиолдол гарч байна. Хэтрүүлэн хэлбэл, нэг өдөрт хоёр, гурван удаа удирдлага өөрчлөгдөх явдал ч гарч байгаа нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна” хэмээн ярив. Түүнчлэн УНТЭ-ийн эмнэлгийн төлөөлөлт үйл ажиллагаа эрхэлсэн дарга О.Чойдог “Эмнэлгийн төлөөллийн албаны дарга болох ёстой есөн гишүүнээс дөрвийнх нь нөхцөл байдал тодорхойгүй байна” гэв.
Удирдлагын тогтворгүй байдал үргэлжилж буй нь өдөр тутмын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, санхүүгийн урсгал доголдох эрсдэл үүсгэж байгааг эмч, ажилтнууд анхааруулж байна. Тэдний хэлснээр төсөв, худалдан авалтын шийдвэрүүд удааширснаас ариун цэвэр, халдвар хамгааллын зарим хэрэгсэл болон эмнэлгийн зайлшгүй шаардлагатай нөөц тасалдах бодит эрсдэл тулгараад байгаа аж.
Иймд эмч, ажилтнууд эмнэлгийн удирдлагын бодлогыг яаралтай тогтворжуулах, санхүүгийн шийдвэр гаргалтыг шуурхай болгох, эхлүүлсэн засвар, шинэчлэлийн ажлыг богино хугацаанд дуусгах шаардлагатайг онцлон шаардсаар байна. Тэдний үзэж буйгаар эдгээр асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлөх эрсдэл улам нэмэгдэх нөхцөл бүрдэж болзошгүй юм.












Сэтгэгдэл бичих