Хятадын сансрын нисгэгч Жу Янжү (Zhu Yangzhu) Тяньгун сансрын станцад зургаан сар ажилласныхаа дараа дахин зургаан сарын хугацаанд үлдэхээр болжээ. Ингэснээр тэрбээр сансарт нийт нэг жилийн хугацаанд амьдарч, ажиллах туршилтад оролцох юм.
БНХАУ-ын Хүнтэй сансрын нислэгийн агентлаг (China Manned Space Agency) энэ тухай мягмар гарагт буюу арваннэгдүгээр сарын 24-нд мэдэгдсэ байна.
Жу Янжү нь 2026 оны тавдугаар сарын 24-нд хөөрсөн “Шэньжөү-23” хөлгийн багийн гурван гишүүний нэг юм. Тус багийн бүрэлдэхүүнд сансрын нислэгийн командлагч Жу Янжү, сансрын хөлгийн нисгэгч Жан Жиюань ачаа, шинжлэх ухааны туршилт хариуцсан мэргэжилтэн Лай Кайин нар багтсан байна.
Тэднийг анх зургаан сарын хугацаатай үүрэг гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн ч сансрын станцад нэг жилийн турш тасралтгүй ажиллах туршилтад Жу Янжүг сонгожээ. Ингэснээр тэрбээр Хятадын сансрын нисгэгчдээс анх удаа нэг жилийн хугацаанд тойрог замд ажиллах юм.

Нэг жилийн турш сансарт амьдрахын туршилтын зорилго
Энэхүү туршилтын гол зорилго нь хүн сансрын орчинд удаан хугацаагаар амьдрахад бие махбод, сэтгэл зүйд нь ямар өөрчлөлт гардаг, тэдгээрийг хэрхэн даван туулах боломжтойг судлах юм.
Сансарт удаан хугацаагаар байх үед хүний биед дараах өөрчлөлтүүд илэрч болзошгүй.
- Булчин, ясны нягтрал буурах: Таталцлын хүч багатай орчинд булчин суларч, ясны эрдэс нягтрал алдагдах эрсдэлтэй.
- Дархлаа болон физиологийн өөрчлөлт: Удаан хугацааны бичил таталцал хүний биеийн олон тогтолцоонд нөлөөлж болзошгүй.
- Сэтгэл зүйн ачаалал: Дэлхийгээс тусгаарлагдсан орчинд удаан хугацаагаар амьдрах нь нойр, сэтгэл санаа, анхаарал төвлөрөлд нөлөөлдөг.
- Цацрагийн нөлөөлөл: Дэлхийн соронзон орон, агаар мандлын хамгаалалтаас гадуур удаан байх нь сансрын цацрагийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Хятадын тал энэхүү туршилтын хүрээнд сансрын нисгэгчийн бие махбодын өөрчлөлтийг урт хугацаанд хянаж, сансрын нислэгийн үеийн эрүүл мэндийн тусламж, хамгаалалтын системийг сайжруулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах аж.
Мөн “Шэньжөү-23” баг сансрын амьдрал судлал, материал судлал, бичил таталцлын үеийн шингэний физик, сансрын анагаах ухаан зэрэг чиглэлээр 100 гаруй шинжлэх ухаан, технологийн туршилт хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, сансарт цагаан будаа тариалж, хоёр үе дамжуулан ургуулах туршилт хийх юм. Энэ нь бичил таталцал ургамлын генетикийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлдгийг судлах зорилготой.
Эх сурвалж: Reuters











Сэтгэгдэл бичих