Иргэний нийгмийн байгууллагуудыг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд оролцуулах хөтөлбөр эхэллээ.
Тус хөтөлбөрийг “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд иргэний нийгмийн байгууллагын үр нөлөөтэй, тогтмол оролцоог хангаж, бэхжүүлэх зорилготой юм. Тодруулбал, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх үйл явцад иргэний нийгмийн байгууллагын судалгаа, нотолгоо, санал, дүгнэлтийг үр дүнтэй тусгаж, парламент–иргэний нийгмийн хамтын ажиллагааны тогтвортой тогтолцоог туршин хөгжүүлэх ач холбогдолтой юм.
Хөтөлбөрт нийслэл, орон нутгийн нийт 37 иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүртгүүлсэн бөгөөд хөтөлбөрийн эхний зөвлөлдөх уулзалтыг 2026 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулжээ.
Энэхүү сургалтаар парламентын үйл ажиллагаанд хэрхэн оролцох, Парламентын ардчиллыг бэхжүүлэх, хөгжлийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг УИХ-аас хянан шалгах үйл ажиллагаа, хүний эрхэд суурилан төсөв, Тулгамдаж буй асуудлаа бодлого, шийдвэрт тусгуулах арга зам, үр дүнд суурилсан засаглал гэсэн сэдвүүдийг иргэний нийгмийн байгууллагын оролцоотой хэрхэн холбож үр дүнтэй ажиллах зэрэг агуулга хүргэсэн.
Уг хөтөлбөр 2027 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд буюу хагас жил үргэлжлэх бөгөөд цаашид хөтөлбөрт хамрагдсан байгууллагуудыг дээрх агуулгын хүрээнд оролцоог нь бодит болгох чиглэлээр зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, бодлогын нөлөөлөл хийх, бодлогын санал боловсруулах зэргээр ажиллах болно.











Сэтгэгдэл бичих