Өмнө нь нүүлгэсэн 5,5 тэрбум төгрөгийн зардлыг Ж.Энхбаяр сайд төлөх үү? Эсвэл нүүлгэж тоглосноороо дундаа хуваах юм уу хоёр сайд…..
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ын байршлыг Дархан хотоос нийслэл Улаанбаатар руу дахин шилжүүлнэ гэх яриа нийгмийн сүлжээ болон улс төрийн хүрээнд идэвхтэй өрнөж, төсвийн үр ашиг, шийдвэр гаргалтын хариуцлагын асуудлыг дахин сөхөхөд хүргээд байна. Өмнөх шилжилт хөдөлгөөний үеэр хэдэн тэрбум төгрөгийн зардал гарсан тухай мэдээлэл олон нийтэд тархсан бөгөөд хэрэв дахин нүүлгэх шийдвэр бодитоор хэрэгжвэл давхар зардал үүсэх эрсдэл бий гэсэн байр суурь давамгайлж байна.Цаана нь төсвийн мөнгө урссаар
Төрийн байгууллагын байршлыг өөрчлөх шийдвэр нь зөвхөн албан тасалгааны шилжилт бус, барилга байгууламжийн тохижилт, дотоод сүлжээ, архив, техник тоног төхөөрөмжийн тээвэрлэл, ажилтнуудын шилжилт хөдөлгөөн, орон сууцны зохицуулалт зэрэг олон талын зардал дагуулдаг онцлогтой. Иймд нэг удаагийн нүүлгэлт ч төсөвт тодорхой дарамт үүсгэдэг бол давтан шилжилт нь үр ашиг, бодлогын тогтвортой байдлын талаар асуулт үүсгэдэгийг эдийн засагчид сануулж байна.
Олон нийтийн дунд “өмнө нь зарцуулсан хөрөнгө бодит үр дүн авчирсан эсэх”, “дахин нүүлгэвэл шинээр гарах зардлыг хэн хариуцах вэ” гэсэн асуулт зонхилж байгаа бөгөөд салбарын сайд Жадамбын Энхбаярын нэр ч давхар дурдагдаж байна. Иргэдийн зүгээс аливаа шийдвэр гаргахын өмнө өмнөх нүүлгэлтийн санхүүгийн тайлан, зардлын задаргаа, бодлогын үндэслэлийг нээлттэй танилцуулах шаардлагыг түлхүү тавьж буй юм.
Яам, агентлагийн байршлын өөрчлөлт нь бүсчилсэн хөгжил, салбарын уялдаа холбоо, хүний нөөцийн хүртээмж зэрэг эерэг зорилготой байж болох ч бодлогын тогтвортой байдал, институцийн үр ашигтай ажиллагаатай тэнцвэржүүлэх шаардлагатай. Давтамжтай шилжилт хөдөлгөөн нь албан хаагчдын тогтвор суурьшил, байгууллагын дотоод соёл, үйлчилгээний тасралтгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Албаны хүмүүс яамдын байршлыг өөрчлөх асуудал нь урт хугацааны хөгжлийн бодлого, дэд бүтцийн бэлэн байдал, төсвийн боломжтой уялддаг тул зөвхөн зардлын хэмжээгээр дүгнэх боломжгүй гэх байр суурийг илэрхийлэх нь түгээмэл. Гэсэн ч олон нийтийн зүгээс ил тод тайлагнал, эдийн засгийн үндэслэл, үр өгөөжийн тооцооллыг нээлттэй болгох шаардлага улам нэмэгдэж байгаа нь бодлогын шийдвэр гаргалтад хариуцлагын механизм чухал хэвээр байгааг харуулж байна.
Эцэст нь, ХХААХҮЯ-ын байршлын асуудал нь дан ганц захиргааны зохион байгуулалтын шийдвэрээс давж, төсвийн сахилга бат, бодлогын залгамж чанар, төрийн байгууллагын менежментийн ил тод байдал зэрэг өргөн хүрээний сэдэв болон хувирч байна. Бүхэл бүтэн яамыг нааш цааш нь нүүлгэнэ гэх мэт асуудлууд иргэдийг багагүй бухимдуулж байна. Иргэдээс илүү ажил амьдрал эндэх гэр орноо зараад үрээд явсан яамны болон тус салбарын хүмүүст илүү хүнд тусаж байгаа. Багш нарынхаа цалинг яах учраа олохгүй байгаа, мөн ахмадын тэтгэврээ шийдэж чадахгүй байгаа засгийн газар нэг яамаа цааш нааш нүүлгэж тоглосоор байх уу? Ер нь нэг дарга ирэхээр л бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж төсвийн мөнгө урсгадаг энэ байдлыг хэзээ зогсоох вэ?
Т.Саранцэцэг












Сэтгэгдэл бичих