Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацитай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төсөл 2023–2026 онд хэрэгжиж байна.
Энэхүү төсөл нь Монгол Улсад агаарын чанарын мониторингийн шинэ тогтолцоог бүрдүүлж, өмнө нь зөвхөн Улаанбаатар хотод хязгаарлагддаг байсан хяналтыг улс орон даяар өргөжүүллээ. Өнөөдрөөс эхлэн бүх аймаг, нийслэлийг хамарсан мониторингийн сүлжээ бодит цагийн мэдээллээ иргэдэд хүргэж эхэлж байна.
Үүнд:
2024 онд Дархан-Уул, Орхон аймагт 6 үзүүлэлт хэмжих станц суурилуулсан бол 2025 онд 19 аймагт агаарын чанар болон цаг уурын үзүүлэлтүүдийг хэмжих анализаторуудыг суурилуулж дууссан байна.
Мөн агаарын чанар, цаг уурын үзүүлэлт хэмжих хөдөлгөөнт лаборатори-ийг Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид хүлээлгэн өгөөд байна. Чадавх бэхжүүлэлт төслийн хүрээнд 21 аймагт тоног төхөөрөмжийн тохиргоо, засвар үйлчилгээний сургалт, БНСУ-д 2 удаа (нийт 50 албан хаагч), Улаанбаатар хотод 3 удаа (50 орчим албан хаагч) сургалтыг зохион байгуулжээ.
Агаарын чанарын мэдээллийг MAMIS программ-аар боловсруулж, #agaar.gov.mn нэгдсэн платформоор дамжуулан иргэдэд бодит цагийн горимоор хүргэж байна.
Энэ нь Цаг уур, орчны шинжилгээний газрын хувьд зөвхөн хэмжилт хийх бус, өгөгдөлд суурилсан үйлчилгээ, олон нийтэд ойлгомжтой, нээлттэй мэдээлэл түгээх шинэ чиг үүрэг-ийг бий болгож байна.










Сэтгэгдэл бичих