Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар өрхийн үйлдвэрлэлээс үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж болон өргөжиж буй “Хатант ивээл хайрхан” ХХК-ийн “Хүннү мөр” брэнд гутлын үйлдвэртэй танилцав.
“Хатант ивээл хайрхан” ХХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд арилжааны банкнаас хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл авч, оёдол, улалгааны тоног төхөөрөмжөө шинэчилснээр үйлдвэрлэх хүчин чадлаа хоногт 100-150 хос гутал болгон нэмэгдүүлжээ.
Мөн хөтөлбөрийн хүрээнд эргэлтийн хөрөнгийн зээлд хамрагдан, дотоодын арьс шир боловсруулах үйлдвэрүүдээс материал татаж, өдөр тутмын хэрэгцээний гутал үйлдвэрлэн зах зээл дээр борлуулж байна. Зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлснээр 22 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үйлдвэрийн ажилтнууд сард 3-7 сая төгрөгийн цалинтай ажиллах болсон бөгөөд энэ нь “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний үр нөлөө. Цаашид 1,500 ам.метр талбай бүхий хоёр давхар шинэ үйлдвэрийн барилгыг ашиглалтад оруулж, нэмэлт 8 ажлын байр шинээр бий болгох зорилготой гэдгээ “Хатант ивээл хайрхан” ХХК-ийн ерөнхий захирал Б.Насанжаргал хэллээ.
“Хатант ивээл хайрхан” ХХК-ийн энэхүү богино хугацааны өсөлт “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд мал гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэр, орон нутагт ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого бодитоор хэрэгжиж буйн бодит жишээ болж байна.
“Цагаан алт” хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр Хосгоёо ХХК, Нацагийн уран удам ХХК, Хатан ивээл хайрхан ХХК, Билэгдизайн ХХК, Хос-Аз ХХК, Хасудбат ХХК, Бестшүес ХХК зэрэг 8 аж ахуйн нэгж гутал үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. Тэд нийт 11.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, үр дүнд нь хоногт 2,400 хос гутал үйлдвэрлэх бүрэн автомат ул шахах автомашин суурилуулаад байна.





















Discussion about this post