Эрчим хүчний салбарын залуучууд тулгамдсан асуудлаа шийдвэрлэх чуулга уулзалт, хэлэлцүүлэгийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн арга хэмжээг ЭХЯ, ССАЖЗЯ болон Монголын Залуучуудын эвсэл ТББ, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Эрчим хүчний зөвлөл, Энержи инсайт сэтгүүл, Ирээдүй эрчим хүчний манлайлагч хөтөлбөрөөс хамтран зохион байгуулсан юм.
”Эрчим хүчний салбарын манлайлал чуулга уулзалт”-нд салбарын 35 хүртэлх насны 150 гаруй залуучуудыг хамруулсан бөгөөд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ерэн-Өлзий нээж үг хэллээ.
Чуулга уулзалтын эхэнд “Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлт” сэдвээр ЭХЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн М.Балдорж, “Залуучуудын хөгжлийг дэмжих бодлого” сэдвээр ССАЖЗЯ-ны Залуучуудын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн А.Балдорж, Эрчим хүчний салбарын манлайллын хөтөлбөр сэдвээр “Ухаалаг Хэмнэлт” ХХК-ийн Эрчим хүчний аудитор Б.Солонго тус тус илтгэл тавьлаа.
Чуулга уулзалтын үеэр “Эрчим хүчний салбарын залуучуудын тулгамдсан асуудал ба шийдвэрлэх арга зам” нэртэй илтгэл танилцуулж, хэлэлцүүлгийг 5 панелистууд хөтлөн явуулж, оролцогчдын зүгээс тулгамдаж буй асуудлуудаа дурдаж, гарц шийдэл эрэлхийлж, харилцан нээлттэй санал солилцлоо.
Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэх” салбар дундын уялдаа холбоо үндэсний чуулганаар хэлэлцэж, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж өгөх юм.












Сэтгэгдэл бичих