ЕВРОП. 2026 оны нэгдүгээр сарын эхний өдрүүдэд Европын хэд хэдэн улс оронд тохиосон хүчтэй цас, салхи, мөстөлт-ийн улмаас агаарын тээврийн салбарт томоохон хэмжээний саатал, цуцлалт гарсаар байна. Тухайлбал KLM, Lufthansa, Ryanair зэрэг Европын тэргүүлэх агаарын тээврийн компаниуд олон арван нислэгийг цуцалж, хэдэн зуун нислэгийг саатуулаад байна.
Саатал хамгийн их ажиглагдаж буй гол төвүүдэд Амстердамын Schiphol нисэх буудал, Лондонгийн Heathrow нисэх буудал, Франкфуртын нисэх буудал, Варшавын Frederic Chopin нисэх буудал багтаж байна. Эдгээр нисэх буудлуудад онгоцны зурвас цас мөсөөр хучигдаж, мөс арилгах (de-icing) ажиллагаа удааширснаар нислэгийн хуваарь ноцтой алдагдаж буйг албаныхан мэдээлжээ.
Агаарын тээврийн компаниудын мэдээлснээр, зарим нисэх буудалд агаарын хөдөлгөөний ачаалал хэт нэмэгдэж, аюулгүй ажиллагааны шаардлага хангах үүднээс нислэгүүдийг үе шаттайгаар цуцлах, хойшлуулах шийдвэр гаргасан байна. Ялангуяа өглөө, оройн оргил цагуудад нислэгийн саатал олноор бүртгэгдэж, олон мянган зорчигч нисэх буудлуудад удаан хугацаагаар хүлээх нөхцөл үүсжээ.
Европын агаарын тээврийн зохицуулах байгууллагууд зорчигчдод нислэгийн статусыг тогтмол шалгах, шаардлагатай тохиолдолд нисэх компанитай шууд холбогдож дахин бүртгүүлэх, эсвэл буцаан олголт, өөр нислэгт шилжих боломжоо тодруулахыг зөвлөж байна. Мөн Европын Холбооны журамд зааснаар тодорхой нөхцөлд нислэг саатсан, цуцлагдсан зорчигчид нөхөн төлбөр авах эрхтэй болохыг сануулжээ.
Цаг уурын байгууллагуудын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд Европын зарим бүс нутагт өвлийн хүнд нөхцөл үргэлжлэх төлөвтэй байгаа тул агаарын тээврийн саатал богино хугацаанд бүрэн арилна гэж үзэхэд хүндрэлтэй байна. Иймд иргэд, зорчигчдыг аяллаа төлөвлөхдөө нэмэлт хугацаа тооцоолж, албан ёсны мэдээллийг тогтмол дагахыг мэргэжилтнүүд анхааруулж байна.












Сэтгэгдэл бичих