Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Өнөөдөр (2025.11.07)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулсан юм.
Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар явуулсан тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг уншиж танилцуулсан юм. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс боловсрол, эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдал, нийгмийн шаардлагыг харгалзан багш, эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсад, төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилчдын цалин, ахмад настны болон халамжийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд тусгагдсан урсгал зардалд дүн шинжилгээ хийж төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 6-12.8 хувиар бууруулах, зарим төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 2025 оны түвшинд байлгах, тэвчиж болох зардлуудыг хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй уялдаагүй зарим хөрөнгө оруулалтын төслүүдийг хасах, 2026 онд дуусах хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг бууруулахгүй байх зарчмыг баримталж, дараа онуудад шилжин хэрэгжих төслүүдийн санхүүжилтийг тодорхой хувиар бууруулах, Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн 17 дугаар бага хурал зохион байгуулахтай холбоотой барилга байгууламжийн санхүүжих дүнг бууруулахаар тус тус тусгасан байна. Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн гаргасан “төрийн албан хаагчдын өндөр настны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж болох 36 хүртэлх сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийн зардлыг төсөлд бүрэн тусгах” тухай саналыг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсэг, бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулан олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр бүлэглэж, хуулийн төслүүдийг гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нарын томьёолон танилцуулсан бүсчилсэн хөгжилтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналууд, Засгийн газрын нөөц сангаас тодорхой дүнгээр бууруулж зохицуулалт хийх, ажлын хэсгээс боловсруулсан төсвийн тэнцэлд нөлөөлөхгүй зохицуулалтад туссан Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн лабораторийн багаж тоног төхөөрөмж гэсэн төсөл арга хэмжээ, бусад Байнгын хорооны болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны саналууд, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний санхүүжилт нэмэгдүүлэх саналууд, хувьчилж бууруулах зардалд Шинжлэх ухаан, технологийн сангийн зардлыг хамруулсан асуудал зэрэг зургаан асуудлыг гүйцээн боловсруулах чиглэл өгч гуравдугаар хэлэлцүүлэгт буцаах талаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх энэ саналыг дэмжсэн тул Төсвийн байнгын хороонд буцаалаа.
Энэ үед Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал санал гаргаж, Төсвийн байнгын хорооны хуралдааны үйл ажиллагаа хууль зөрчсөн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тус Байнгын хорооны дарга Х.Ганхуягийн өмнөөс санал өгсөн, сайд атлаа Байнгын хорооны хуралдааныг даргалсан, санал хураалт явуулах болчихоод байхад одоо болтол зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Улсын Их Хурлын гишүүдэд тараан өгч танилцуулаагүй гэсэн үндэслэлээр чуулганы нэгдсэн хуралдааны ирцээс өөрийн нэрийг хасуулсан юм. Мөн өөр өөрсдийн саналаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Ц.Сандаг-Очир, М.Энхцэцэг, Э.Болормаа нар чуулганы нэгдсэн хуралдааны ирцээс гарлаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т заасны дагуу гүйцээн боловсруулах чиглэл өгснөөс бусад зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр нэг бүрчлэн санал хураалт явууллаа. Төсвийн байнгын хорооноос тус Байнгын хорооны гишүүдийн болон бусад Байнгын хороод, Төсвийн зардлын хяналтын дэд хороо, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй нийт 160 гаруй саналыг дэмжсэн, дэмжээгүй, төсвийн тэнцэлд нөлөөлөх, нөлөөлөхгүй, зардал, орлогыг нэмэгдүүлэх, бууруулах зэргээр ангилан бэлтгэсэн байна. Бусад байнгын хорооноос гаргаж, Төсвийн байнгын хороо дэмжээгүй нийт 114 саналын сүүлийн 44 саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж санал хураах үед дэг зөгчигдсөн нь тогтоогдсон учир мөнхүү гуравдугаар хэлэлцүүлэгт буцаалаа. Ийнхүү гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй саналуудыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэний дараа энэ оны 11 дүгээр сарын 11-ний 10:00 цагт Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн санал хураалт явуулсны дараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэхээр товлов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.





















Discussion about this post