Хүний эрхийн Үндэсний Комиссоос алба хаагчдыг нь хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж, тэднээр дамжуулан тухайн салбарын хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгуулдаг. Энэ удаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг сургагч багшийн сургалтад хамруулав. Сургалтын нээлт /2025.10.22/ өнөөдөр болж ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа А.Намсаманд нар оролцов.
Комиссын гишүүн Б.Энхболд, “ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид хүний эрхийг хязгаарласан орчинд, эмзэг сэтгэл зүйтэй иргэдтэй ажилладаг онцлогтой. Тиймээс хүний заяагдмал болон хуулиар олгосон эрхийг хангаж, хамгаалж ажиллах шууд үүрэг хүлээдэг. Цаг үеэ дагаад хүний эрхийн ойлголт ч өдөр, цагаар хувьсан өөрчлөгдөж байна. Тиймээс бид нэг удаагийн сургалт хангалтгүй, хүний эрхийн сургалт тасралтгүй явах ёстой гэдэг зарчим баримталдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад сургагч багш бэлтгэх сургалтыг гурав дахь удаа зохион байгуулж байна. Цаашдаа та бүхэн өөр өөрийн харьяалагдах анги, байгууллагадаа хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах болно” гэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа А.Намсаманд ХЭҮК, ШШГЕГ хооронд байгуулсан санамж бичгүүдийн хүрээнд 2017 оноос хүний эрхийн сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Сургалтын үр дүнд алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, хандлага, ойлголт нэмэгдсэний үр дүнг хорих ангид хоригдож байгаа иргэдээс ирдэг өргөдөл, гомдлын тооноос харж болно. Өмнө нь хорих ангид хүний эрх зөрчсөн талаар өргөдөл, гомдол цөөн биш тоогоор ирдэг байв. Алба хаагчдын хүний эрхийн мэдрэмж, мэдлэг нэмэгдснээр энэ төрлийн гомдол маш цөөн ирдэг болсон гэдгийг онцолж алба хаагчдадаа амжилт хүслээ.
Түүнчлэн ШШГЕГ-ын Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, хурандаа У.Анхцэцэг, байгууллагын хэмжээнд хүний эрхийн сургагч багш нарын зохион байгуулсан сургалтын тайлан, үр дүнг танилцуулав. Түүний мэдээллэснээр тус байгууллага ХЭҮК-той байгуулсан дөрвөн удаагийн санамж бичгийн хүрээнд 200 орчим алба хаагчийг сургагч багшаар бэлтгэжээ. Мөн сургагч багш нараа улам чадавхжуулах, урамшуулах бодлого барьж буйгаа илэрхийлэв.
Сургалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд, хорих ял эдлүүлэх чиглэлээр нийгмийн ажилтан 22, сэтгэл зүйч долоо, иргэний шийдвэр гүйцэтгэлийн болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх чиглэл тус бүр тав, бусад төрлийн зургаа нийт 45 алба хаагч хамрагдаж байна. Өнөөдөр, “Хүний эрхийн үндсэн ойлголт, зарчим”, “Хүний эрхийн хязгаарлалт ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа”, “Хүний эрхийг хамгаалах үндэсний болон олон улсын хэм хэмжээ”, “Ажлын байрны дарамт хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт зохион байгуулах юм.












Сэтгэгдэл бичих