ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийн цагдан хорих хугацааг 30 хоног, түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийг 15 хоногоор сунгаж, шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдөр /2026.2.26/ ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийн эрүүл мэндийн байдлыг харгалзан сулласан байна. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Н.Тавинбэхийг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн шүүгчийн захирамжийг Н.Тавинбэхийн өмгөөлөгч эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Хэргийг эргэн сануулбал; ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх өмнө нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа БНСУ-ын “Эксим” банкны эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын 10 аймагт дулааны станц барих төслийн зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан. Ингэхдээ түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөвлөх үйлчилгээний төсвийг 2,6 сая ам.доллароор нэмж, Монголын нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна. Мөн АТГ-ын мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Монголын нэр бүхий аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон гэсэн юм.
Н.Тавинбэх нь 2020 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Засгийн газарт Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан бөгөөд 2022 оноос Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байв. Улмаар 2025 оны долдугаар сард “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан бол сүүлд 2025 оны арванхоёрдугаар сард “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг.











Сэтгэгдэл бичих