Монгол Улсын Их Хурлаас 2025 оны намрын ээлжит чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолыг баталсан. Энэхүү шийдвэрийн үр дүнд Төв банкны зүгээс цахим шилжилт, олон улсын худалдаа, харилцаанд гарч буй өөрчлөлт, түүний нөлөөгөөр олон улсын мөнгө, санхүүгийн тогтолцооны хувьсан өөрчлөгдөж буй орчинд макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж ажиллана. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, иргэдийн орлогыг хамгаалах бодлого, валютын ханш уян хатан тогтох зарчим баримтална. Мөн болзошгүй эрсдэлийг үнэлж, удирдах макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулахаар шийдвэрлэсэн юм.
Төв банкны бодлого, шийдвэрийг хүртээмжтэй хүргэж, хүлээлтийг удирдахад чиглэсэн олон нийттэй харилцах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Банкны өөрийн хөрөнгийн бүтэц, бүрэлдэхүүнийг төрөлжүүлж, банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг олон улсын стандартад нийцүүлэх ажлыг үргэлжлүүлэхээр үндсэн чиглэлд тусгажээ. Түүнчлэн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний бодлогыг шинэчилж, банк, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжиж, иргэдэд санхүүгийн боловсрол олгох, үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчинг сайжруулах, “Стэйблкойн”-ийг төлбөрийн хэрэгсэл болгох боломжийг судалж, олон улсын зарчмын дагуу төлбөрийн систем дэх хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх юм. Өмнөх жилүүдэд эхлүүлсэн банкны салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлж, холбогдох хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлнэ. Чанаргүй зээлийг бууруулах зорилгоор активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
Иргэдээс ирүүлсэн хүсэлт, хэрэгцээ, шаардлагад үндэслэн бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримталж, зээлдэгчийн хэрэгцээ, салбарын онцлогт нийцсэн зээлийн бүтээгдэхүүний нэр төрөл, хүрээг өргөжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны бодлогын арга хэмжээг боловсруулахаар болсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.












Сэтгэгдэл бичих