Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.10.23) хуралдаан 12 цаг 26 минутад гишүүдийн 56 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.
Эхлээд Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцууллаа.
Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасныг үндэслэн Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлэх дүгнэх журам”-ын 3.7-д заасан аргачлалыг баримтлан Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолын 2025 оны эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний тайлан болохыг дурдав. Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим систем new.unelgee.gov.mn-д бүртгэлтэй хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн 3839 заалтын хэрэгжилт дунджаар 58.8 хувьтай байна гэж дүгнэжээ. Тайлант оны эхний хагас жилийн хяналт шинжилгээний дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.2 хувиар буурсан нь Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам, заасан аргачлалаар хэрэгжих шатад буюу 70 хувь, хэрэгжилт хангалтгүй буюу 30 хувь гэсэн ангилалд хамаарах заалтууд, Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журмын 3.7-д заасан үнэлгээний аргачлалаар хэрэгжээгүй ангилалд хамаардаг болсонтой холбоотой хэмээн Н.Учрал сайд тодотгов.











Сэтгэгдэл бичих