ШИЙДВЭР, МАГАДЛАЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖ ХАРИУЦАГЧААС 40 САЯ ТӨГРӨГИЙГ ГАРГУУЛЖ НЭХЭМЖЛЭГЧИД ОЛГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2017 оны 05 сард Дашбалбар сум дахь 5-р багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 100 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Б.Адъяасүрэнгээс худалдан авсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулж төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөрийг төлж байсан. Б.Адъяасүрэнг өртэй гэдгийг мэдээгүй, өрний асуудал үүссэн, ингээд хүмүүсийн өр болон ББСБ-ын өрийг нь би төлж байсан. Байрны төлбөрийн үүрэг гүйцэтгэж дуусахаас өмнө нэр дээрээ болгоё гэхэд Б.Адъяасүрэн олон хүнд өртэй болохоор бэлэглэлийн гэрээ хийчихвэл мөнгө төгрөг төлдөггүй гээд 2018 оны 04 сард бэлэглэлийн гэрээ байгуулж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг авсан. Энэ үед Г.Идэрбат бид хоёр хамтран амьдарч байсан, Г.Идэрбатын нэр дээр гэрээ хийсэн, Г.Идэрбат уг объектыг авахад нэг ч төгрөг төлөөгүй, орлого оруулаагүй атлаа өөрийн нэр дээрээ гэрчилгээ гаргуулж зээлийн барьцаанд тавих зорилготой байсныг мэдсэн. Иймд өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож Г.Идэрбат, Б.Адъяасүрэн нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахад төлсөн 20 сая төгрөг, тухайн хөрөнгийн одоогийн зах зээлийн үнэ ханш гээд надад учирсан хохирлыг 20 сая төгрөгөөр үнэлж нийт 40 сая төгрөгийг Б.Адъяасүрэнгээс гаргуулж өгнө үү гэж иргэн П.Бор-Охин нэхэмжлэл гаргажээ.
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг 2025 оны 02 дугаар сард хэлэлцээд: Нэхэмжлэгч П.Бор-Охин бэлэглэлийн гэрээний хувьд сонирхогч этгээд тул хэлцлийн үр дагаврыг шаардах эрхтэй, тэрээр Б.Адъяасүрэнгээс үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах хүсэлтэй эрх зүйн харилцаанд орж гэрээний үнийг бүрэн төлсөн байхад тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болж чадаагүй байна гэж үзэж Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3, 56.4-г үндэслэн Б.Адъяасүрэн, Г.Идэрбат нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Б.Адъяасүрэн 40 сая төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Бор-Охинд олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 05 дугаар сард хэлэлцээд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй шийдвэрлэсэн.
Хяналтын шатны шүүх: Хариуцагч нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь худалдах, худалдан авах гэрээг халхавчилж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв, шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаагүй орхигдуулсан байна. Харин П.Бор-Охин, Б.Адъяасүрэн нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээний зүйлийн үнийг төлсөн, хэлцэл хүчин төгөлдөр боловч нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн хөрөнгөө хохирлын хамт гаргуулахаар шаардсаныг хариуцагч Б.Адъяасүрэн зөвшөөрсөн байх тул шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 21-НЫ ӨДРИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН











Сэтгэгдэл бичих