Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд хүртээмжтэй, хувийн орон зайг хангасан, цэвэрхэн ариун цэврийн байгууламжаар хангагдсанаар эрүүл ахуйн мэдлэг, зөв дадалтай болж, уг дадал, хэвшил нь тэдний насан туршид нь хадгалагддаг тул цэцэрлэг, сургуулийн ус ариун цэвэр эрүүл ахуйн байгууламж онцгой ач холбогдолтой юм.
Хүртээмжтэй, чанартай ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ нь хүрээлэн буй орчныг бохирдохоос хамгаалдаг. Мөн хүүхдүүдийн эрүүл энх өсөх, сурлагын амжилт гаргах, сургууль завсардалтыг бууруулахад нөлөөлдөг.
Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, WASH Action ТББ болон НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Сургууль, цэцэрлэгийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үндэсний чуулган–2025”-ыг 11 дүгээр сарын 17-18-нд зохион байгуулж байна.
Чуулганы зорилго: Сургууль болон цэцэрлэгийн орчин дахь ус, ариун цэвэр, эрүүл ахуйн одоогийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, түүнийг хэрхэн сайжруулах, цаашдын тогтвортой үйл ажиллагааг хангахад төр, ТББ, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх юм.
Чуулганд 21 аймаг, 9 дүүргийн Боловсролын газар, сургууль, цэцэрлэгийн төлөөлөл, яамд, агентлаг, ТББ-ууд, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд оролцож байна.
Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийг дөрвөн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, 2021 оноос ажлууд хийгдэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 294 сумын 218 цэцэрлэг, 332 сургууль, 245 дотуур байранд 795 ариун цэврийн байгууламж баригдан хүүхдүүд тав тухтай орчинд ус ариун цэвэр эрүүл ахуйн хэрэгцээгээ хангаж байна.
Энэхүү чуулганаар уг ажлын хэрэгжилт, үр дүн, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар олон талаас буюу хэрэглэгч цэцэрлэг, сургуулийн төлөөлөл, байгууламжийг барьсан компаниуд, боловсролын салбарын мэргэжилтнүүд, холбогдох Яамд, газрууд, болон ТББ-ууд, олон улсын байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэх юм.












Сэтгэгдэл бичих