Нийтийн өргөдлийн системээр иргэн Б.Номингийн гаргаж, иргэдийн дэмжлэг авсан эмч, багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг хэлэлцэж эхэлсэн юм. Эрүүл мэндийн болон боловсролын салбарт хэрэгжүүлж буй гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан санхүүжилтийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат асуулт асууж, хариулт авсан юм. Тэрбээр энэ талаар petition.parliament.mn системээс гадна бичгээр маш олон өргөдөл, гомдол, хүсэлт, шаардлага ирснийг танилцуулж, эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх зардал санхүүжилт улсын төсвийн төсөлд хэрхэн тусгагдаж буйг асуусан юм. Түүнд өгсөн хариултдаа Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэхгүй гэсэн тооцооллоор хийсэн, харин ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын суралцагчдын хувьсах зардлыг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх тухай асуудлыг салбарын болон Сангийн сайд нарыг байлцуулж хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын санал гаргаж, санал хураалт явуулж өгөхийг Байнгын хорооны даргаас хүслээ. Түүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул иргэн Б.Номингийн өргөдлийг хэлэлцэх тухай асуудлыг хойшлуулж, дараагийн хуралдаанд ахмад настны тэтгэврийг инфляцын өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүртээмжийг сайжруулах асуудалтай хамт хэлэлцэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Хуваалцах:












Сэтгэгдэл бичих