Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрээр хаврын морин уралдааныг сэргээх асуудлыг өнөөдөр /11.20/ УИХ-д хэлэлцэнэ. Гэтэл өнөөдөр буюу 11 дүгээр сарын 20 бол НҮБ-ын Дэлхийн хүүхдийн өдөр тохиодог. Энэ өдөр уралдаанч хүүхдийн эрхийг дордуулах хуулийн төслийг хэлэлцэх гэж байна гэсэн үг.
Угтаа уг хуулийн төслийг Засгийн газар дэмжээгүй мөн Улсын дээд шүүх уг хуулийн төсөл хүүхдийн эрхийн талаарх олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомж болон Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн агуулга зорилготой нийцэхгүй байгааг анхаарах нь зүйтэй гэж дүгнээд буй.
Мөн үүнийг Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Европын Холбооны төлөөлөгчийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сан, хүүхдийн төлөөх иргэний нийгмийн байгууллагууд ч мөн эрс эсэргүүцээд байгаа билээ.
2017-2024 оны хугацаанд нийт 3070 хүүхэд хурдан мориноос унаж, 16 нь хөгжлийн бэрхшээлтэй болж, 24 нь амь насаа алждээ.
- 2017 он: 394 уралдаанд 629 хүүхэд мориноос унаж, 159 хүүхэд бэртэл гэмтэл авч, гурван хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд нас барсан.
- 2018 он: 491 уралдаанд 661 хүүхэд мориноос унаж, 98 хүүхэд бэртэл гэмтэл авч, хоёр хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, нэг хүүхэд амь насаа алдсан.
- 2019 он: 172 уралдаанд 448 хүүхэд мориноос унаж, 121 хүүхэд бэртэл гэмтэл авч, нэг хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд амь насаа алдсан.
- 2020 он: 169 уралдаанд 211 хүүхэд мориноос унаж, 5 хүүхэд бэртэл гэмтэл авч, гурван хүүхэд амь насаа алдсан.
- 2021 он: 21 уралдаанд 1,452 хүүхэд уралдаж, 48 хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж морины бэлтгэл ажлын үед гурван хүүхэд нас барсан.
- 2022 он: 259 уралдаанд 397 хүүхэд мориноос унаж, 6 хүүхэд нас барсан. Үүнээс морины бэлтгэлийн үед 3 хүүхэд, сумын баяр наадмын үед гурван хүүхэд нас барсан.
- 2023 он: 353 уралдаанд 464 хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, дөрвөн хүүхэд нас барсан.
- 2024 он: 388 уралдаанд 212 хүүхэд мориноос унаж, 87 хүүхэд хөнгөн гэмтэл, таван хүүхэд хүнд гэмтэл, морины сунгаа, бэлтгэл, ахуйн хүрээнд мориноос унаж дөрвөн хүүхэд амиа алдсан байна.
2022 онд амь насаа алдсан 6 хүүхдийн 3 нь баяр наадмын үеэр байжээ. Амиа алдсан нийт 24 хүүхдийн 21 нь баяр наадмын үеэр биш бусад уралдаан, сунгаа, бэлтгэлийн үеэр энджээ.












Сэтгэгдэл бичих