Дэлхийн технологийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч Apple компанийг үүсгэн байгуулсны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1976 онд California мужид нэгэн гараашнаас үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус компани өдгөө хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилсөн аварга корпорац болон өргөжжээ.
Компанийн үүсэл нь Steve Wozniak болон Steve Jobs нарын хамтын ажиллагаатай салшгүй холбоотой. “Воз” нэрээрээ алдаршсан Возниак компьютерын хэлхээний хавтан зохион бүтээж, харин Жобс түүнийг бизнесийн боломж болгон хөгжүүлснээр “Apple” компанийн суурь тавигдсан түүхтэй.
Өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд тус компани анхны ширээний компьютер, ухаалаг гар утсыг олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлж, программ болон техник хангамжийн нягт уялдаа бүхий экосистемийг бүрдүүлснээр технологийн салбарт томоохон хувьсгал хийсэн юм.
Гэвч 50 жилийн ойн босгон дээр “iPhone” үйлдвэрлэгч компани хиймэл оюуны эрин үед байр сууриа хадгалж үлдэх томоохон сорилттой тулгараад байна. Тодруулбал, Alphabet болон Microsoft зэрэг өрсөлдөгчид хиймэл оюуны салбарт олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, зах зээлийн манлайллын төлөө өрсөлдөж эхэлжээ.
2022 оны арваннэгдүгээр сард ChatGPT танилцуулагдсанаас хойш “Apple”-ийн хувьцааны өсөлт технологийн салбарын “Magnificent Seven” компанийн дундаас хамгийн сул үзүүлэлттэй байгааг шинжээчид онцолж байна.
Хэдийгээр тус компани 2017 оноос хойш чипэндээ машин сургалтын технологи нэвтрүүлж эхэлсэн ч Siri ухаалаг туслахыг шинэчлэх ажил удааширсан нь хиймэл оюуны шинэ давлагаанд хангалттай бэлтгэлгүй байсныг илтгэнэ гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.
Үүнээс гадна OpenAI зэрэг байгууллагууд ухаалаг гар утасны ноёрхлыг өөрчлөх шинэ төрлийн төхөөрөмж хөгжүүлэхээр зорьж байгаа нь салбарын өрсөлдөөнийг улам ширүүсгэж байна.
Гэсэн ч “Apple”-ийн бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн дунд өндөр эрэлттэй хэвээр байна. Шинэ үеийн iPhone 17 цувралын борлуулалт өнгөрсөн оны сүүлийн улиралд компанийн ашгийг өсгөхөд голлон нөлөөлсөн бол харьцангуй хямд үнэтэй “MacBook Neo” зөөврийн компьютер зах зээлд амжилттай нэвтэрчээ.
“Apple компани өнгөрсөн 50 жилд өөрийн гэсэн цогц бизнес загвараар өрсөлдөгчдөөсөө ялгарч ирсэн. Харин ирэх 50 жилийн хувь заяа нь хиймэл оюуны салбарт хэрхэн байр сууриа тодорхойлохоос, мөн OpenAI зэрэг шинэ өрсөлдөгчид тэднийг гүйцэж түрүүлэх эсэхээс шууд хамаарна” хэмээн технологийн салбарын хараат бус шинжээч Ben Thompson онцоллоо.












Сэтгэгдэл бичих