Тоо худлаа ярьдаггүй. Үнэн. Маргах хэрэггүй. Бас тоон үзүүлэлтийг ашиглан бодит байдлыг гуйвуулж болдог. Жишээлбэл, Монголын нийт эдийн засаг (ДНБ) 2025 онд 6.8 хувийн өсөлт үзүүлж сэргэсэн гэдэг үзүүлэлтийг эрх баригчид амны уншлага болгов. Монгол Улс ДНБ-ий өсөлтийн тооцооллоо тухайн жил үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний зах зээлийн үнэлгээний нийт үнээр гаргадаг. Ингэхдээ өрхийн амьжиргаа, ядуурал, баялгийн тэгш хуваарилалт зэрэг нийгмийн хөгжлийг орхигдуулдаг. Эдийн засаг өссөн ч иргэдийн амьдрал дээшлээгүй гэсэн үг.
Монголын бодит амьдрал дээр эдийн засгийн 6.8 хувийн өсөлт өрх бүрийн үүдээр ороогүй. Баян нь хэт баяжиж, ядуурал нэмэгдэж, дундаж давхарга хумигдсан дүр зурагтай байна. Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороотой хамтран гаргадаг “Ядуурлын дүр төрх” 2022 оны судалгаагаар монголчуудын 27.1 хувь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгааг танилцуулсан. Хэдийгээр энэ нь ядуурал 2020 оноос 0.7 хувиар буурсан үзүүлэлт боловч сүүлийн 30, ялангуяа 10 жилд огт буураагүйг илтгэнэ. Ядуурлын түвшинд 2012 онд 27.4 хувьтай байжээ. Дээр нь эрх баригчид Дэлхийн банкны оролцоогүй хийлгэсэн “Ядуурал 2024 оноос хойш 30 гаруй хувьд хүрч өссөн” гэдэг судалгаа ил гаргалгүй, хав дарсан байгаа. Сард 418 мянган төгрөгөөс доош хэрэглээтэй хүнийг ядуурлын шугамаас доош амьжиргаатай хэмээн тодорхойлж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулах үүрэг гүйцэтгэсэнгүй.


Монгол Улсын орлогын тэгш бус хуваарилалт индекс сүүлийн 10 жил хөдлөөгүй. Эдийн засагт үйлдвэрлэл, үйлчилгээний дүн өссөн ч баян, ядуугийн хоорон дахь зааг ойртоогүй. Нийгмийн дундаж давхарга тэлж чадаагүй байна.
Жини коэффициент “0” үзүүлэлт рүү дөхөх тусам орлогын хуваарилалт тэгш буюу сайн гэж үздэг бол эсрэгээрээ “1”-д ойртох тусам баян, ядуугийн харьцаа туйлдаа хүртэл холдож буйг илтгэдэг. Энэ хэмжилтээр Монгол Улсад баян, ядуугийн орлогын ялгаа сүүлийн 10 жилд 0.32-0.34 орчимд хэлбэлзэж байна. Өөрөөр хэлбэл, ДНБ-ий өсөлтийн 70-аас илүү хувийг нийт хүн амын ердөө 1-5 хувь нь хүртэж байна гэсэн үг.
Өрхийн орлого мөн сүүлийн 10 жилд зарлагаа даваагүй. 2015 онд 1 сая төгрөг байсан өрхийн дундаж орлого 2025 онд гурван дахин өссөн зарлагаа даваагүй нь инфляцийн өсөлттэй холбоотой. Энэ хугацаанд эдийн засаг 23 их наяд төгрөгөөс 90 орчим их наяд төгрөг болж дөрөв дахин тэлсэн. Харамсалтай нь, айл өрхүүд зарлагаасаа өндийгөөгүй нь эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн үүдээр оруулах бодлого 10 жилийн хугацаанд яриа байсныг харуулж байна.
Ерөнхийдөө эдийн засаг тоон утгаараа өссөн боловч чанарын өсөлт гарсангүй. Энэ 10 жилд ард иргэдийн амьдрал эдийн засгийн өсөлтийн тоогоор илэрхийлэгдэж сажраагүй гэдгийг хүлээн зөвшөөрч, бодит байдлыг гуйвуулах нь уйвайгүй улс төр. Улстөрчдийн амнаас гарсан тоо бүр үнэнийг өгүүлдэггүйг ядуурал газар авч, өрхийн орлого зарлага давалгүй 10 жил гацаж, баян хоосны туйл алсарснаас харж болно.












Сэтгэгдэл бичих