УИХ-ын дарга Н.Учрал Дархан-Уул аймагт өчигдөр буюу энэ сарын тавны өдөр ажиллалаа. Тэр бээр иргэдтэй уулзах уулзалтыг Залуучууд театрын их танхимд зохион байгуулж эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн тухай танилцуулж иргэдийн асуултад хариулсан юм. Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, засаг дарга Б.Азжаргал нар оролцлоо.
Дөрвөн чөлөөлөлтийн тухайд Эдийн засгийн, Эрх зүйн, Ногоон хөгжлийн, Авлигын эсрэг чөлөөлөлт нийлж дөрвөн тулгуурт чөлөөлөлт иж бүрэн хэрэгжинэ гэдгийг уулзалтын эхэнд тодотголоо.

Иргэд, бизнес эрхлэгчдийн эдийн засгийн эрх, эрх чөлөөг хязгаарласан хүнд суртал, хуулиас давсан дүрэм, журмуудыг цуцалж, хувийн хэвшлийн тэлэх орон зайг чөлөөлж эхэлсэн. Хаврын чуулганаар хэлэлцэх Зөвшөөрлийн тухай хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон татварын реформоор эрх зүйн чөлөөлөлт үргэлжилнэ гэв.
Түүнчлэн нар, салхины нөөцөө ашиглан эрчим хүчний хараат байдлыг багасгах, ногоон хөгжлийн чөлөөлөлт урагшилж, айл, өрхүүд нарны хавтангаа төвийн шугамд холбоход 11 өдрийн дотор шийдвэрлэдэг болсон гэдгийг онцолж энэ жишгээр аймаг, сумдад сэргээгдэх эрчим хүчний жижиг, тархмал эх үүсвэрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр, хялбаршуулсан журмаар шийддэг болно.

Авлига, ашиг сонирхлын гэмт хэргийн эсрэг тэмцлийг парламентын тэргүүний хувьд ч, эрх баригч намын даргын хувьд ч манлайлж ажиллана. Иймд Авлигын эсрэг чөлөөлөлтийн бодлогыг бүх шатны институтийн түвшинд эрчимжүүлэхээ илэрхийллээ.
Дарханы иргэд бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжиж, орон нутагт ажиллах хүчний нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарахыг хүсэв.
Газар тариалангийн бүсэд малчдад газар олгох асуудлыг дэвшүүлж, газрын хэвлийн баялгийн өгөөжийг ард иргэдэд тэгш хүртээх, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн өөдөөс цалин, тэтгэврийн нэмэгдэл хангалтгүй байгааг шүүмжилж анхаар ажиллахыг уриалав.

Өмнөх жилүүдэд бугшсан алдаа, завхралыг уулга алдаад өнгөрөх бус ил тод болгож, эргэх хариуцлагыг шаарддаг, бүх шатанд төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ. Ингэснээр иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүлэх бус хөнгөлнө гэв.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн сонгон шалгаруулалтын хугацааг 1-6 сар болгож, сонгон шалгаруулалтыг нэг үе шаттай, ил тод байхаар зохицуулжээ.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн салбарт болон төрийн үйлчилгээний зарим салбарт татаж оруулах нөхцөл бүрдэж, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг цохон тэмдэглэв.
Халамж нүдээ олохгүй байна. Халамжлуулах ёстой нь халамж хүртэхгүй, халамж авах ёсгүй нь халамжлуулдаг, мөнгөний бодлого алдагдаж, төгрөгийн ханш өдөр ирэх тусам суларч буй энэ үед цалин, тэтгэвэр нэмээд үр дүн гарахгүй. Тиймээс гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих болон ахмадын орон сууц, залуучуудад чиглэсэн ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах зэрэг саналуудыг ч дэвшүүлж байв.

Төр ард түмнийхээ амьжиргаа руу довтолдог бүдүүлэг хүнд суртлыг “Чөлөөлье” санаачилгаар хална. Эрх мэдлийн болон хөрөнгө оруулалтын төвлөрлийг сааруулж, орон нутагт шилжүүлнэ гэв.
Иргэд өрнөөс өрний хооронд амьдарч, өндөр хүүгийн дарамтад орж байна.
Санхүүгийн зах зээлд бодит өрсөлдөөн байж хүү буурна. Сонголт бий болгож үйлчилгээг сайжруулах зорилгоор гадаадын банкнуудыг оруулж ирэх, тус салбарт бодит өрсөлдөөн бий болгоно. Ингэснээр өндөр хүүгийн дарамтыг бууруулж, иргэд бизнес эрхлэх, амьдралаа сайжруулах боломжийг нээх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, тогтвортой, ойлгомжтой эрх зүйн орчныг бий болгох ёстой.
Тиймээс хаврын чуулганаар Хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийг хэлэлцэж, батална Үүний үр дүнд ажлын байр нэмэгдэж, эдийн засаг тэлнэ гэв.













Сэтгэгдэл бичих