Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшиж буй Н.Наранбаатар гишүүнийг хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүдийн хөндөж буй асуудлууд, холбогдуулан гаргаж буй саналуудыг анхаарч ажиллахыг хүсээд “Төрийн хэмнэлтийн тухай хуультай холбогдуулан санал, дүгнэлт боловсруулах нь зүйтэй. Мөн АМНАТ-ийг орон нутагт, нөлөөллийн бүсүүдэд хуваарилах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Ингэж байж уул уурхайг дэмжих төрийн бодлого хэрэгжих юм. Өмнөговь, Дорноговь шиг аймгуудыг татаасгүй болгох хэрэгтэй. Газрын хэвлийн баялгаа ашиглуулж буй нөлөөллийн бүсүүдэд буюу тухайн орон нутагт АМНАТ илүү хуваарилагддаг байх нь шударга зарчим байх болно. Төсвийн байнгын хороо цаашид энэ асуудалд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй” гэв. Оюу толгой ордын асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол товлогдсон болохыг дурдаад холбогдох хэлэлцээр үргэлжилж байгаа, үр дүн гарч байгаа талаар Ерөнхий сайд мэдээлэл өгсөн хэмээн гишүүдэд дуулгав. Улсын Их Хурал холбогдох хуулийнхаа хүрээнд Хянан шалгах түр хороог байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд гэрчээр дуудагдсан албан тушаалтан, хүмүүс оролцоод тайлбараа өгөх нь зүйтэй гэлээ. Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хариуцлагатайгаар зохион байгуулж, үр дүнтэй ажиллах нь чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд хөрөнгө оруулалттай холбоотой, дэлхий нийтээр биднийг анхааралтай харж буй асуудал учраас талууд хариуцлагатай байж, хэлэлцүүлгийг үр дүнтэй зохион байгуулах чиглэл өгсөн юм.
Ийнхүү гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарыг сонгохыг дэмжсэн Төсвийн байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 71 гишүүний 62 хувь нь дэмжив. Иймд “Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Н.Учрал нэгдсэн хуралдаанд тогтоолыг бүрэн Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Тус төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцууллаа.
Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ сарын 02, 04-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Д.Үүрийнтуяа нар тогтоолын төсөлд найруулгын шинжтэй санал болон уг тогтоолын хэрэгжих хугацааг ердийн журмаар мөрдөх талаар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.
Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Г.Ганбаатар, Б.Пунсалмаа нар асуулт асууж, ажлын хэсэг болон Байнгын хорооноос хариулт авав. Татварын хэмжээг “5 хүртэл” гэж төсөлд тусгасныг “хүртэл” гэдэг нь хэд байхыг хэн шийдэх талаар, зөвхөн баруун бүсэд импортлох гурил, будаа, малын тэжээлийн татварын хэмжээг бууруулж байгааг, татварын бодлого тогтворгүй байгааг шүүмжилж, үүнээс үүдэн аж ахуйн нэгжүүд, газар тариаланчид бизнес төлөвлөлтөө хийж чадахгүй байгааг хэлж байв.
Баруун бүсийн хувьд гурилын үйлдвэр огт байхгүй, газар тариалан эрхлэх боломжгүй, алслагдмал зэргийг харгалзан дээрх зохицуулалтыг тусгаж байгааг М.Бадамсүрэн гишүүн тайлбарлаад цаашид дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлоготой нийцүүлэх шаардлага бий гэдгийг хэлсэн. Зөвхөн баруун аймгууд гэлтгүй өвөлжилт хүндэрч байгаа говийн бүс, бусад аймгуудад хямд өртөгтэй малын тэжээлээр хангах, мал аж ахуйн салбараа эрсдэлээс хамгаалах гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байлгах нөөцөө нэмэгдүүлэх чиглэлээр яаралтай арга хэмжээ аваад ажиллах шаардлагатайг сануулсан.
2025 онд тариалангийн бүс нутгийн 90 хувь нь гантай байсны улмаас ургац алдсан болохыг ажлын хэсэг хэлээд “Дотоодын хэрэгцээг бүрэн хангахын тулд 120 мянган тонн улаан буудай шаардлагатай байдаг. Гурил үйлдвэрлэлд 270 мянган тонн улаан буудай нийлүүлсэн. Дотоодын үйлдвэрлэлд дутагдаж байгаа болон нийт хэрэгцээг хангахад шаардлагатай 150 мянган тонн хүнсний улаан буудайг импортоор авахаар Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн шийдвэр гарган, нэр бүхий 12 аж ахуйн нэгжид квот олгоод байна. Эдгээр аж ахуйн нэгж хүнсний улаан буудай импортолж байна. Баруун аймгууд энэ жилийн тухайд гантай байсан, өвлийг давахад малчдаа дэмжих үүднээс гишүүдээс гаргасан саналын дагуу малын тэжээлийн зэрэгцээ гурилыг импортлох асуудлыг төсөлд тусгасан. Энэ жилийн хувьд мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр баруун аймгуудад ган болсны дараа зуд болох эрсдэлтэй байгаа учраас малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад онцгойлон анхаарсан” гэлээ. Энэ үеэр малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлттэй холбоотой зохицуулалтын талаарх нөхцөл байдал, үүнийг шийдвэрлэх саналыг гишүүд гаргаж байв. Парламент үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, дотоод үйлдвэрлэгдэж буй бараа бүтээгдэхүүнийг хамгаалах үүднээс нэгдсэн бодлого баримтлах ёстойг хэлж, энэ талаарх өмнөх туршлагуудыг дурдан импортын татварын өөрчлөлт дотоодын үйлдвэрлэлд шууд нөлөөлдөг талаар тоо баримтад тулгуурлан тайлбарлав. Улмаар үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, холбогдох бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх талаар саналыг тодотгон хэлж байсан.
Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Үүгээр Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.












Сэтгэгдэл бичих