“Мисс болох гэж төрөл бүрийн агентлагт явж байсан боловч нэг л мэдэхэд Рагби спортоор хичээллээд олон улсад харьяалагдаад тоглож явсан. Энэ маань надад зүүд шиг л санагдаж билээ” хэмээн өөрийнхөө хувьд эрс өөрчлөлт хийж монгол улсынхаа нэр хүндийг гадны тамирчдад таниулж яваа тамирчин Т.Гантуяатай хэсэг хором ярилцлаа.
– Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээж авсан чамд баярлалаа. Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?
-Сайн, Сайн байна уу? Танд мөн уншигчидадаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Төрбаярын Гантуяа гэдэг. 2001 онд Улаанбаатар хотын Эх нялхасд төрсөн. Төрсөн цагаасаа хойш Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд цэцэрлэг, бага болон дунд ангидаа сурсан. Бага насны минь бүхий л дурсамж Цэнхэрмандал сумтай салшгүй холбоотой. Ахлах Сонгинохайрхан дүүргийн ирээдүй цогцолбор хоёрдугаар ахлах сургуулийг төгссөн. Жудо спортоор хичээллэдэг байсан. Одоогоор рагби спортоор хичээллээд гурван жил болж байна.
– Рагби спортын талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч. Монголд хэдэн онд орж ирсэн бэ? Одоогоор хэр их хүн хичээллэж байна?
Т.Гантуяа: Рагби спорт Монголд орж ирээд нийтдээ 17 жил болж байна. 2018 онд арван таван жилийнхээ ойг тэмдэглэсэн. Манай тамирчдын хувьд гэвэл эрэгтэй 9 баг, эмэгтэй 9 багтай тус тусын клубууд бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байгаа.
-Рагби гэх спортыг хүмүүс саяханаас л мэддэг болсон. Анх аав ээж, гэр бүлийнхэн чинь энэ спортоор хичээллэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
Т.Гантуяа: Анх бүр үнэхээр юу ч мэдэхгүй байсан учраас үгүйсгэж хориглодог байсан. Эхэндээ ерөөсөө ойлголцдоггүй байсан. Чи жүдод л явах юм бол ирээдүйтэй. Эхлээд Азийн аварга болчих дараа нь дэлхийн аварга болчих, тэгвэл хүн болгон чамайг хүндэлнэ. Чи мөнгөтэй болчихно түүний дараагаар өөрийгөө аваад явах гараа чинь эхэлнэ гэж ярьдаг байсан. Тэгэхээр надад анхандаа хэцүү санагдаад л цүнхэндээ бэлтгэлийнхээ хувцасыг нууцаар хийгээд жүдод явлаа гээд л гардаг байсан. Бэлтгэл орой хийгээд бараг л шөнө тардаг байсан болохоор юу гэж худлаа хэлэх вэ гээд л үснийхээ үзүүрийг зангидаад гэртээ ордог байсан даа. /инээв/
– Одоо харин арай өөр үзэл бодолтой болсон байх?
-Манай аав болоод миний хамгийн анхны орсон Легоноруудын улсын аварга тэмцээнийг үзээд бүр тэс өөр болчихсон. “Хүүеээ миний охин ямар гоё спортоор хичээллэдэг юм бэ, Рагби чинь ийм спорт байсан юм уу гээд л дэмжиж эхэлсэн дээ. Өглөө хөнгөн бэлтгэлд явахад хар цай бэлдээд тавьчихдаг болсон байсан. Ер хараад байхад яг над шиг асуудал тулгардаг олон хүүхэд байдаг. Тэр найзууддаа хандаж хэлэхэд Эртхэн өөрийгөө ямар спортоор хичээллээд байгаагаа ойлгуулж үгээрээ биш үйлдлээрээ үзүүлээрэй гэж хэлмээр байна.
– Яагаад Рагби спортоор хичээллэх болов?
-Багаасаа спортод дуртай гэртээ сууж чаддаггүй байсан. Санамсаргүй байдлаар “Анхдагч чоно” гэдэг клубийн ахлагч Батмандал гэдэг ах Фэйсбүүкдээ Рагби спортоор хичээллэхэд нээлттэй шүү ирж чөлөөт цагаа өнгөрүүлээрэй гээд пост хийсэн байсныг хараад зүгээр л сонирхоод очсон. Яг ямар спорт гэдгийг нь мэдээгүй зүгээр л гоё байх ямар ч байсан гүйх л юм байна гэсэн бодлоор л анх очиж байсан. Хамгийн инээдтэй нь эхний өдрөө цав цагаан биеийн тамирын хувцастай бас цагаан пүүзтэй очсон. Тэгээд л шавар шалбааг тоос шороотой газар ойчиж унаад л нөгөө цагаан хувцас чинь саарал болчихсон гэртээ харьсан даа. Энэ явдлыг манай клубийн ах нар одоо ч гэсэн яриад бөөн л инээдэм болдог.
-Рагби спортоор биерхүү хүн амжилт гаргадаг гэдэг ойлголт манайханд бий. Тамирчдын биеийн жин болон өндөр амжилтад нөлөөлдөг үү?
-Заавал өндөр нам тарган туранхай гэж шалгуур тавьдаггүй. Гол нь үнэхээр чи спортоор хичээллэх хүсэлтэй байна уу, чи үнэхээр цаашаа хөгжиж дэвшиж чадах уу? энэ мэтчилэн өөртөө итгэх итгэл, зорилготой байхад л хангалттай. Хэн ч байсан бэлтгэлээ зөв хийгээд ирэхээр масс нэмээд аяндаа дасан зохицоод ирнэ. Нэмээд хэлэхэд манай Рагби бол хүн болгонд нээлттэй. Хэн хүссэн нь ирвэл найрсгаар хүлээж авч чадна бусад спортоос эв нэгдэл, эвсэг хамт олонтой гэдгийг ам бардам хэлж чадна.
-Монгол охин гадны харьяалалтай тоглосон тохиолдол чамаас өөр байгаа юу?
Эрэгтэй тамирчдын хувьд ганц хоёр тохиолдол байгаа. Миний хувьд анхны эмэгтэй тамирчин. Би найман дугаар сарын 24нд Хятадын “Beijing ducks rugby” клубд элсэж орсон одоогоор яг нэг жил болж байна.
-Манай шигшээ багийн тамирчдын чансаа Олон улсын төвшинд хэр үнэлэгддэг вэ?
Манай эрэгтэй тамирчдын хувьд ази тивдээ дээгүүр үнэлэгддэг. Охидын хувьд 2019 оны таван сард Бээжинд ирж нөхөрсөг тоглолт тоглосон. Тийм болохоор цаашаа өсөж дэвжээд явах боломж асар их.
-Монголд тоглож бэлтгэл хийх, гадны улсад тэмцээнд орж бэлтгэл хийх хоёрын ялгаа хэр байсан бэ?
Мэдээж их ялгаатай. Наад захын жишээ бол Монголдоо байвал ойлголцоод ярилцахад хялбар харин гадны тамирчидтай тоглоход хэлний мэдлэг маш их шаарддаг. Мөн хэнээс ч санаа зовохгүй ярьж ойлголцож нөхөрсөг бас нийтэч байх хэрэгтэй. Бэлтгэлийн хувьд адилхан гэхдээ Монголд өсвөр насны охид ихэвчлэн тоглодог учраас хурд талаасаа илүү санагдсан.
-Т.Гантуяа тамирчин бусад тамирчдаасаа юугаараа онцлог вэ?
Миний хувьд хэлний чадвар маань миний давуу тал болж өгсөн. Би хүссэн хүнтэйгээ Англи болон Хятад хэлээр төвөггүй ярьж чадна. Мөн нэмээд Япон хэлийг сурч байгаа. Мөн миний амьдардаг Чиндао хотод рагби спортын охидын баг байдаггүй юм билээ. Тэгээд рагби тоглох сонирхолтой охидууд олон байдаг. тийм учраас би санаачлалаараа охидын “Qingdao womans rugby” нэртэй клубээ 18 гишүүнтэй байгуулсан. Үйл ажиллагаа явуулаад зургаан сар болж байгаа.
-Өөрийгөө спортоос гадна ямар чиглэлээр хөгжүүлж байна вэ?
-Тамирчин хүн гэхээр хичээл хийдэггүй, боловсролдоо анхаардаггүй гэж ташаа боддог хүмүүс байдаг. Миний хувьд боловсрол тал дээрээ их анхаардаг. Ямарваа нэгэн хүнтэй ярилцахад мэдлэгтэй байна уу үгүй юу гэдгийг дорхноо мэдчихдэг. Аль болох шинэ зүйлсийг туршиж, мэдлэг болгон хуримтлуулахыг хичээдэг.
-Спортод амжилт гаргахад дэмжлэг маш чухал байдаг. Ер нь санхүүгийн асуудлаа хэрхэн шийддэг юм бол?
-Монголд хоёр жилийн хугацаанд бэлтгэл хийж, тэмцээнд ордог байхдаа бол аав ээжээсээ туслалцаа авдаг байсан. Гадны улсад тэмцээн уралдаан бэлтгэл хийхэд “Beijing ducks rugby” клубийн удирдах менежер Patrick гэж хүн байсан. Би Бээжинд амьдардаггүй өөр хотод амьдардаг байсан болохоор миний ирж очих зардал, байх газрыг минь хүртэл даадаг байсан.
–Рагбигийн спорт танд юу өгсөн бэ?
-Хүндлэл гэдгийг бодитоор, жинхэнэ утгаар нь олж авсан. Танидаг ч бай, үгүй ч бай өөрөөсөө дээгүүр зэрэглэлтэй тамирчинтай мэндлэх нь хамгийн наад захын соёл, хүндлэл юм.
-Ирээдүйн төлөвлөгөөнөөсөө дурдвал?
-Ойрын таван жилийн хугацаанд их дээд сургуулиа төгсөх мөн Бээжингийн охидын шигшээ багт орох төлөвлөгөөтэй байгаа. Рагби бол миний насан туршийн нэрийн хуудас минь байх болно.
–Ярилцсанд баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Боломжийг ашиглаад Монголын Рагбийн холбооны удирдлагууд болон анх энэ спортод хөтөлж оруулсан Батмандал ахдаа мөн шигшээ багийн дасгалжуулагч Г.Хосбаяр багшдаа, аав ээждээ намайг дэмжиж урам өгдөгт баярлалаа, бас нийт рагбичиддаа баярлаж явдгаа хэлье.
Эцэст нь рагбигийн спорт Монголд хэрхэн хөгжиж байгаа талаар товчхон мэдээлэл хүргэе. Уг спортын жинхэнэ хөгжил нь 2003 оноос эхлэлтэй. Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, Хонконгийн рагбигийн шигшээ багийн тамирчин Жеймс Тодд Вүүд нарын санаачилгаар Монголын рагбигийн холбоо байгуулагджээ. Энэ цагаас хойш рагбигийн спортоор 900 хүн хичээллэж байгаагийн 600 орчим нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагч.
Түүнчлэн тогтмол бэлтгэл сургуулилтад хамрагддаг 70 гаруй эмэгтэй тамирчин бий. Монголын эрэгтэй рагбичид 2003 оноос хойш чамгүй амжилт үзүүлсэн байдаг. Тухайлбал, Филиппиний Манила хотод болсон тэмцээнээс улсын арслан, багийн ахлагч До.Ганхуяг шилдэг тамирчин болсон нь 2005 он байлаа. Үүнээс яг нэг жилийн дараа дээрх тэмцээндээ дахин оролцохдоо хүрэл медаль хүртсэн нь анхны томоохон амжилтын нэг болжээ. Зуны XXXI олимпийн наадамд “Рагби 7” төрөл албан ёсоор багтсан бөгөөд дэлхийн шилдэг 12 улсын эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдсөн билээ. Гэхдээ цоо шинээр биш. Энэхүү төрөл нь 1900, 1908, 1920, 1924 оны олимпийн хөтөлбөрт багтаж байсан бөгөөд түүнээс хойш 92 жилийн дараа буюу 2016 онд дахин олимпийн гэр бүлд багтсан юм. Олимпийн энэхүү төрөл нь Монголын өсвөрийн тамирчдын дунд эрчимтэй хөгжиж байгаа аж.
Бэлтгэсэн: Ц.Наранцацрал
Ярилцсан: тамирчин Т.Гантуяа