УНТЭ-ийн Зүрхний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Д.Эрдэмбилэгтэй ярилцлаа.
-Унтаж байхдаа гэнэт зүрх нь хаагдаад нас барчихлаа гэдэг тохиолдол их байдаг шүү дээ. Энэ юутай холбоотой вэ?
-Тийм ээ, маш их тохиолддог. Гэхдээ 100 хувь нийтлэг зүйл бол биш. Тохиолдох үедээ ар гэрт нь осол гэмтэлтэй ижилхэн гэнэтийн зүйл болдог. Маш олон хүчин зүйлээс шалтгаална. Даралт ихсэх, чихрийн шижин, таргалалт нь зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Эдгээр зүйлүүд зүрхэндээ нөлөөлсөөр байгаад зүрхний хэм алдагдах өөрчлөлт гарна. Олон шалтгаанаас болж зүрх гэнэт зогсож болно.
Нэгдүгээрт, зүрхний үндсэн бүтцээс шалтгаалаад судас нь бөглөрөөд зүрхний шигдээс болж зүрх гэнэт зогсож болно.
Хоёрдугаарт, амь насанд аюултай хэм алдагдаж зүрх гэнэт зогсож болно.
Гуравдугаарт, гол судас, үнхэлцэг хальс зэрэг чухал бүтцүүд өөрчлөлтөд орж байгаа эсэхээс шалтгаалаад гэнэт зогсож болно. Хамгийн аюултай, нийтлэг тохиолдог нь зүрхний хэм алдагдал, судас бөглөрөл юм.
-Зүрхний өвчнүүд удамшдаг тохиолдол байдаг. Ээж аав нь залуудаа зүрх нь гэнэт зогсоод нас барж байсан бол хүүхдэд нь тийм зүйл тохиолдож болох уу?
-Судас бөглөрч зүрх гэнэт зогсох нь удамших магадлал өндөр. Хүмүүс үзүүлэхээр ирэхдээ манай аав, ээж залуу байхдаа гэнэт нас барчихсан би бас тэгэх болов уу гэдэг юм. Ийм тохиолдол гарах магадлалтай. Иргэд тогтмол эрүүл мэндийн урьдчилсан үзлэг хийлгэж байх хэрэгтэй байна. Энэ нь зүрх, судасны өвчлөлийг илрүүлэхэд өндөр ач холбогдолтой. Тэр хүний даралт ихсэж байна уу, зүрх нь бүтцийн өөрчлөлтөд орсон уу, судасны хатуурал байна уу, өөх тос их байна уу, таргалалт нь хэр байна, чихрийн шижинтэй байна уу гэх үзүүлэлтүүдийг урьдчилсан сэргийлэх үзлэгээр үзчих боломжтой. Энэ үзлэгтээ хамрагдаад өөртөө анхаардаг бол эрт мэдэж, арга хэмжээ авч болно. Гэхдээ иргэд огт үзүүлдэггүй. 35 наснаас үзүүлээд, 40-өөс дээш насанд жил болгон тогтмол үзлэгт хамрагдаж байх шаардлагатай. Эмэгтэйчүүд урьдчилсан сэргийлэх үзлэгт гайгүй үзүүлдэг талтай. Харин эрчүүд тэр болгон үзүүлдэггүй. Энэ нь эргээд гэнэтийн нас баралтыг үүсгэдэг. Нэг бодлын гэнэтийн юм шиг боловч 90 хувьд нь үүнийг урьдчилан мэдэх боломж байдаг гэсэн үг.
-Зүрх судасны өвчин үүсэхэд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл нь юу вэ?
-Амьдралын хэв маяг. Өдрийн цагаар маш завгүй, өлөн явж байгаад л орой гэртээ ирэхдээ оройтож хоолоо идээд ядраад хэвтчихдэг. Энэ нь зүрх гэлтгүй, хотоод, элгэнд нөлөөлнө. Дөнгөж хоолоо идчихээд унтахад ходоодны сөргөө өвчин, хавдар үүснэ. Оройтож хоол идэхэд тэр нь өөх тос болж элгийг өөхжүүлэн, хуримтлагдана. Өөх тос бол дараа хэрэглэх энерги юм. Энийгээ хэрэглэхгүй байгаа тохиолдолд их идэж, таргалалттай болно. Ингээд судас хатуурал, чихрийн шижин үүсгэж, цаашлаад зүрх судасны өвчинтэй болно. Зүрх судасны өвчинг үүсгэх гол хүчин зүйл нь энэ болоод байна.
Таргалалттай байж болно. Ээж аавууд өөрөө ч мэдэлгүй хүүхдийнхээ хажууд тамхи татаж, буруу хооллодог. Энэ нь дараагийн зүрх судасны өвчинтэй хүнийг бэлдэж байна л гэсэн үг. Тамхи татсанаас хойш 10 секундийн дотор хүний зүрхний цохилтыг ихэсгэж, захын судаснуудыг агшааж байдаг. Олон жил хэрэглэхээр судасны дотор давхаргыг гэмтээдэг. Энэ нь үрэвсэл болж, олон жилийн дараа судасны дотор талын харвалт, шигдээс, бүлэн үүсэх эрсдэлтэй. Тамхи өдөр болгон татаж байна гэдэг судсыг өдөр болгон агшилттай болгож байна гэсэн үг. Өвөл тамхи татвал шууд л даарна. Яагаад гэвэл судсыг нь агшаасантай холбоотой. Тамхины хэдхэн секундийг дотор үзүүлдэг нөлөөнөөс 50 жилийн дараа үзүүлдэг нөлөө нь бүгд илэрхий болчихсон. Уушгины өвчнөөс авхуулаад хавдар хүртэлх өвчнийг үүсгэдэг нь тодорхой болсоор байхад улс орон тамхины эсрэг үйл ажиллагаа маш сул байна.
Эмнэлэг дээр зүрхний асуудалтай маш залуус ирдэг болсон. Зүрхний шигдээс хуучиндаа 55-аас дээш насны эрэгтэй гэж ярьдаг байсан бол одоо 40 настай эр зүрхний шигдээстэй болоод ороод ирэхэд ямар ч эмч гайхахааргүй болсон. Яагаад гэвэл тэр хүмүүс даралтаа мэддэггүй, чихрийн шижинтэйгээ мэддэггүй, тарганаа мэддэггүй. Ингээд л нэг өдөр тархины харвалт юм уу, зүрхний шигдээс болно. Тархины харвалтын хүндрэлийг хэдийгээр мэдрэлийн эмч нар үздэг ч гэсэн зүрх судасны өвчний үндсэн нас баралтад ордог. Даралт ихсэх нь манай улсад түгээмэл зүйл болсон. Эрчүүдийн 50-аас дээш хувь нь тамхи татдаг, нийт хүн амын 60 хувь нь таргалалттай байна, даралт ихсэлт их байна гэдэг нь мэдэгдэхгүй явж байгаад харвалт өгөх тохиолдол их байна гэсэн үг.
-Тэгэхээр даралтаа тогтмол үзэж байх хэрэгтэй байх нь?
-Хүмүүс даралт ихсээд байна гэдгээ хүзүү чилэх, толгой өвдөх, нойргүйдэх зэрэг зовууриар “даралт ихэслээ” гэдгээ мэддэг. Гэтэл тийм зовуурь нь илрээгүй байхад даралт зүгээр байна гэж боддог. Яг үнэндээ даралтыг нь аппаратаар үзвэл их хэвээрээ л байж байдаг. Үүнийгээ мэдэхгүй байснаар харвалт өгөөд яг сайхан хөдөлмөрийн насандаа тал саатай болох, бүр газар дээрээ нас барах асуудал ч яригдана. Амьдралын хэв маягаас зүрх судасны өвчин шууд үүсч байна. Эмнэлэг дээр ирээд дөнгөж оношлогдож байгаа хүмүүс “Би даралт ихэсч байгаагаа мэдээгүй шүү дээ, би чихрийн шижинтэй, таргалалттай байгаагаа мэдээгүй, би амьсгаадаад зүрхний цусан хангамжийн дутагдалтай байгаагаа уушги л өвдөөд байна гэж бодсон” гэж хэлдэг. Энэ нь эрүүл мэндийн боловсролгүй байгаатай холбоотой.
-Амьдралын хэв маяг зүрхний өвчин үүсэх шалтгаан болдог гэлээ. Та уншигчдадаа хандаж зөвлөгөө өгч болох уу. Зүрх судасны өвчнөөс сэргийлэх энгийн дадлыг хэлж өгнө үү?
-Бидний идэж байгаа зүйл таны эрүүл мэндийг тодорхойлдог гэдгийг хамгийн сайн ойлгох хэрэгтэй. Өдөр тутамдаа идэж байгаа хоол хүнсэндээ анхаар. Өглөө цайгаа ууж, өдөр сайхан хооллоод, орой унтахаасаа 3-4 цагийн өмнө хооллоод тэгээд сайхан амар. Хүүхдийнхээ хажууд битгий тамхи тат. Заавал булчингаа нэмэх хүнд дасгал хөдөлгөөн гэхгүйгээр цэвэр агаарт алхаж, идэвхтэй хөдөл. Энэ мэт амьдралын жижигхэн дадал урт хугацаанд зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулна. Өнөөдөр эмч нар хэдий сайн болоод, том том эмнэлгүүд баригдсан ч эдгээр нь таны хүндрэлийг л аварч байгаа юм шүү. Эцсийн эцэст эрүүл байх нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаална.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж itoim.mn










