Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2025.11.11./ хүлээн авч уулзлаа. Талууд энэхүү уулзалтаар Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүс нутгийн автозамыг шинэчлэн сайжруулах, хөгжүүлэх чиглэлд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн талаар өргөн хүрээтэй санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан төлөөлөгчдөд “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийг танилцуулаад тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох, тээврийн коридоруудыг хөгжүүлэх дэд бүтцийн ажлуудыг хийж хэрэгжүүлэх ажлынхаа эхэнд эрэмжлээд явж байгааг хэллээ.
Мөн 2026 оны төсөвт гадаад дотоод нөхцөл байдлаас шалтгаалан зам тавих төсөв суугдахгүй, харин эдийн засгийн үр өгөөжтэй, хөдөлгөөний эрчим өндөртэй авто замуудыг өргөтгөх, шинэчлэн сайжруулах, ажлыг богино хугацаанд чанартай хариуцлагатай хийх зорилт тавин ажиллаж байгаагаа онцлон тэмдэглэв.
Түүнчлэн “Дэлхийн банкны зүгээс “Монгол Улсын авто замын салбарт уур амьсгалын өөрчлөлтөөс бий болж буй цэвдгийн эрсдэлийг бууруулах техник туслалцааны төсөл” – ийг Япон Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхлүүлэх талаар санаачлага гарган хамтран ажиллаж байгаад маш их талархаж байна. Энэхүү төсөл нь Монгол Улсын авто замын салбарт уур амьсгалын өөрчлөлтөөс бий болж буй цэвдгийн нөлөөгөөр үүссэн авто замын эвдрэлийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон нөлөө үзүүлнэ гэж найдаж байна” хэмээн онцлов.
Төлөөлөгчдийн зүгээс Хөшигийн хөндий – Мандалговь чиглэлийн авто замын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын санхүүжилтийг Дэлхийн банкны зүгээс шийдвэрлэсэн, харин одоо ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаагаа дуулгалаа.











Сэтгэгдэл бичих