Цэнхэр дуулгатнуудад хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэхэд энхийг сахиулагчдын найдвартай ар тал болсон гэр бүл, төрөл төрөгсдийн сэтгэлийн дэм, бүх талын дэмжлэг, тусламж нэн чухал.
Иймд өнөөдөр Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх Цэргийн багийн бие бүрэлдэхүүний ар гэрийн төлөөлөлтэй биечлэн уулзаж Батлан хамгаалахын салбарт баримталж буй бодлого, шинэчлэлт, энхийг сахиулах ажиллагааны онцлогийн талаар танилцууллаа.
Монгол Улсын Зэвсэгт хүчин өнгөрсөн 23 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд давхардсан тоогоор Зэвсэгт хүчнээс нийт 23000 гаруй цэргийн алба хаагчийг оролцуулаад байна.
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн баг, цэргийн алба хаагчаа оролцуулсны төлөө цэрэг оролцуулагч улсын Засгийн газарт олгож буй нөхөн төлбөрийн хэмжээг энхийг сахиулагчдын ажиллагааны өмнөх бэлтгэл сургалт, орон нутгийн тээвэр /Монгол Улс дахь/, эмнэлгийн үзлэг үйлчилгээ, вакцинжуулалт, дүрэмт хувцас болон бусад материал хэрэгслийн хангалтын зардал, үүрэг гүйцэтгэх хугацаанд олгосон цалин хөлсний хэмжээг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор тогтоож, тухайн цэрэг оролцуулагч улсын Засгийн газарт нөхөн төлбөр хэлбэрээр олгодог зохицуулалттай.
2010 онд УИХ-аар батлагдсан “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай” хуулийн 10.5 -д заасныг үндэслэн өмнө нь Монгол Улсын Засгийн газраас 60 хувийг энхийг сахиулагчид, 40 хувийг “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-д төвлөрүүлдэг байсан бол 2011 оны 270 дугаар тогтоолоор нөхөн төлбөрийн 70 хувийг энхийг сахиулагчид томилолтын зардал хэлбэрээр гарт нь олгож, үлдсэн 30 хувийг “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-д төвлөрүүлэхээр тогтоож өгсөн. Энэхүү тогтоолыг өөрчилж, энхийг сахиулагчдад очих хувь хэмжээг 80/20 болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа баярт мэдээг уулзалтын үеэр ЦАХ-ын гэр бүлд уламжиллаа.
Манай цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд нэг жилийн хугацаанд нэг зорилго, чиглэлийн дор үүрэг гүйцэтгэж байгаа бол түүний ард ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД ҮЛДСЭН БҮХ АСУУДЛЫГ үүрч, дааж үлдэж байгаа гэдгийг онцлон, талархал илэрхийллээ.












Сэтгэгдэл бичих