Сүүлийн өдрүүдэд “Дээлтэй ах”-тай холбоотой мэдээ, мэдээллүүд сошиалд төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд тархаад байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэд дарга Ц.Энхтүвшин, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн тэмээчин Б.Буяндалай нарын хооронд үүссэн үл ойлголцлын талаар тодрууллаа. Тэмээчин Б.Буяндалайн хувьд Монголын аялал жуулчлалын салбарын нэгдсэн шинэ жилийн цэнгүүн болох “Mongolian tourism awards 2018”-д Өмнөговь аймгаас ирж оролцсон бөгөөд эхнэрийнхээ хагас сар урласан үндэсний дээлээр гоёсон байжээ.
–Тэмээчин залуу та хоёрын хооронд чухам ямар үл ойлголцол үүссэн юм бэ?
-Аялал жуулчлалын салбарын нэгдсэн шинэ жилийн цэнгүүн “Mongolian tourism awards” бол жил бүр болдог арга хэмжээ юм. 19:00 цагт эхэлсэн, ах бид хоёрын яриа 21 цаг нэлээн өнгөрчихсөн байхад болсон. Үйл явдал болохоос хоёр орчим цагийн өмнө ах сугалааны азтан болсон юм. Бараг анхны азтан болсон байх аа. 450 орчим хүн оролцсон олон хөтөлбөртэй арга хэмжээ байсан. Албан ёсны арга хэмжээ дууссаны дараа бүжиг эхэлсэн. Ах ч бүжиглэж байсан. Азтан болсон ах настр өндөртэй бүжиглэж байгаад хүмүүсийн хөл гар дээр гишгэчихвий гэж санаа зовоод, сандлаасаа босч очоод ахыг сугадаад авсан юм л даа. Тэгээд та хөөрч, халамцсан байна гэлтэй биш “Дээлтэй бүжиглэхэд эвгүй, зохимжгүй байдаг юм аа. Таныг ширээ рүү нь хүргээд өгье” гээд хамтдаа алхсан. Гэтэл хэдэн эмэгтэйчүүд манай хүнийг яах гээд байгаа юм, бид хүнээ мэдэж байна гэсэн. Тэгэхээр нь хамт яваа улсууд нь мэдэж байгаа юм байна гээд орхисон. Хэрэлдэж, маргалдсан зүйл ерөөсөө байхгүй. Хөдөөнөөс ирсэн гэдгийг дараа нь мэдсэн. Нөгөө бүсгүйчүүд тэр үеэс л уурлаад эхэлсэн. Миний сууж байсан ширээ ахын бүжиглэж байсан хэсгийн яг хажууд нь байсан. Хүмүүс буруугаар ойлгож, бухимдсан болохоор нь би өчигдөр /2018.12.24/ өглөө тэмээчин ахыг хайж байгаа пост оруулсан. 10:00 цагийн үед утсыг нь олсон. Холбогдох боломжгүй байж байгаад 11:30 цагийн үед ярьсан. Аймгийн төв дээр очсон байна лээ. Утсаар яриад, гомдоосон бол уучлаарай гэж хэлсэн. Ах ч бас уучлаарай гэж байсан. Болсон явдал ердөө ийм л дээ.
–Тэгэхээр таны бодлоор дээл өмссөн бол бүжиглэж болохгүй гэсэн үг үү?
-Үгүй дээ. Би дээлтэй бүжиглэж байсан. Хэцүү байдаг. Тэр үед нь хэн нэг нь зөвлөөд, эвтэйхэн болиулчихвал маргааш нь санаа зовох, бантах юм байхгүй шүү дээ. Бүсгүйчүүд бүжиглэхэд заавал халах шаардлага байхгүй. Эрчүүдийн хувьд дээлтэй удаан бүжиглээд байвал халсан байна гэсэн үг. Үйлдлээ хянах чадвар бага болсон байна гэсэн үг шүү дээ.
–Та Б.Буяндалай гуйгаас утсаар ярьж, уучлалт гуйсан гэсэн. Таныг ярихад хэрхэн хүлээж авсан бэ?
-Хотод дараа ирэхээр нь уулзахаар болсон. Нэг нэр холбогдсоных сайхан ах дүү шиг явах уу гэсэн. Таныг гомдоосон бол уучлаарай гэдгээ хэлж, сум, бригадыг нь асууж ярилцсан. Ах ч бас ахыгаа уучлаарай л гэж байна лээ. Бид хоёр ямар хэрэлдэж, маргалдсан биш дээ. Хоёр хүний шинэ жилийн үйл ажиллагаан дээр ярьсан энгийн л яриа. Гэхдээ ахыг ширээ рүү нь хүргээд өгье, дээлтэй бүжиглэхэд эвгүй, зохимжгүй юм бишүү гэсэн үгэндээ бол би уучлал гуйна. Ах ч ойлгож байгаа, муудалцаагүй, хэрэлдээгүй байж хоёулаа анхаарлын төвд орчихоор эвгүй байлгүй яахав.
–Таны тухай, дээлтэй ахын тухай, үндэсний дээл хувцасны тухай хүмүүс одоо ч сошиал хуудсанд үзэл бодлоо илэрхийлсээр байна. Энэ бүгдийг хараад юу гэж бодогдож байна вэ?
-Монгол дээл баялаг уламжлалтай, сайхан хувцас. Дээл бол соёл гэдэг нь үнэн. Цагаан сарын дээлэндээ иргэд одооноос анхаарч эхэлсэн байгаа байх. Бүгд л үндэсний хувцасаараа гангардаг шүү дээ. Надад ч гэсэн цайны ганц хоёр дээл бий.












Сэтгэгдэл бичих