Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “GO BLUE 2026” нээлттэй арга хэмжээг өнөөдөр /2026.11.20/ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Улаанбаатар хотын зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй 7,800 өрхийг цэвэр халаалтад шилжүүлэх санаачилгыг олон нийтэд танилцуулж байгаа юм. Төслийн хүрээнд айл өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй халаалт, дулаалга, агааржуулалтын иж бүрэн багцаар хангахаар төлөвлөжээ.
Энэ үеэр гэрийн дулаалга, цэвэр халаалтын технологи, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, нарны эрчим хүч болон дулаан хуримтлуурын шийдлүүдийг танилцуулж байна. Мөн иргэд ногоон санхүүжилтийн боломжийн талаар мэдээлэл авч, мэргэжлийнхэн зөвлөгөө өгч байна.
ТАВАН ХАНАТАЙ ГЭРИЙН ДУЛААЛГЫН БАГЦ ОЙРОЛЦООГООР ГУРВАН САЯ ТӨГРӨГ
Гэр хорооллын өрхүүд нүүрсний хэрэглээнээс татгалзаж, цахилгаан халаалтад шилжихэд зориулсан гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багцыг танилцууллаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2019 оноос хэрэгжүүлж буй ЧИП төслийн хүрээнд боловсруулсан уг шийдэл нь гэрийн дулаан алдагдлыг бууруулж, цахилгаан халаалтыг үр ашигтай ашиглахад чиглэжээ. Энэхүү багц дулаалгын материал, бүтээгдэхүүнийг ШУТИС-ийн Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвийн инженерүүд судалж, туршин боловсруулсан байна. Дулаалгын багцад гэрийн эсгий дээвэр, туурган дээр нэмэлтээр тавих дулаалгын материал, дулаалгатай шалавч, гадна хаяавч, хаалганы дулаалга, тоононы металь хүрээтэй тунгалаг бүрээс мөн өрхний дулаалга багтана.
Ингэж дулаалсны дараа цахилгаан халаагуур ашиглах бөгөөд энгийн цахилгаан халаагуур, дулаан нөөцлүүртэй халаагуур, дулааны насос зэрэг хэд хэдэн сонголттой. Мөн дулаалж, цахилгаанаар халаах үед агаарын солилцоог хангах шаардлагатай тул агаар сэлгэлтийн багцыг хамтад нь суурилуулдаг гэнэ.
Энэхүү багцын зах зээлийн нийт үнэ ойролцоогоор гурван сая төгрөг байдаг. Харин энэ жил Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэх “Дулаан гэр-Эрүүл ирээдүй” төслийн хүрээнд иргэн нийт үнийн дүнгийн гуравны нэгийг төлж, үлдсэн гуравны хоёрыг нийслэлээс хөнгөлөхөөр төлөвлөжээ.
Халаагуурын төрлөөс шалтгаалан иргэний төлөх төлбөр 1-1.7 сая төгрөгийн хооронд байх аж. Гэхдээ хүргэлт, угсралт болон багцын эцсийн нөхцөл тухайн ярилцлага өгөх үед хараахан баталгаажаагүй гэнэ. Иргэд харьяа хороо, дүүргийнхээ ажилтнуудтай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтойг Пипл ин Нийд олон улсын ТББ-ын төсөл хариуцсан ажилтан Ч.Золзаяа онцлов.











Сэтгэгдэл бичих