Ойрхи Дорнодын мөргөлдөөн нь уламжлал ёсоор үнэт металлуудын үнийг өсгөдөг зүй тогтолтой ч энэ удаад зах зээлийн өөрчлөлт эсрэг чиглэлд өрнөж, алт, мөнгөний үнэ огцом буурч, өндөр хэлбэлзэлтэй байдал ажиглагдаж байна. Газрын тосны зах зээлтэй холбоотой болгоомжлол, хөрөнгө оруулагчдын хүлээлтийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр мөнгөний үнэ хамгийн их дарамтад орж, зарим тохиолдолд 40 гаруй хувиар унаад байгаа бол алтны үнэ мөн дагаж буурсан үзүүлэлттэй байна.
Даваа гаргийн арилжаагаар алтны спот үнэ нэг унц нь 4100 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн доод түвшинд хүрсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Техрантай “маш сайн, үр дүнтэй хэлэлцээ” хийсний дараа Ираны эрчим хүчний байгууламжуудад өгөх цохилтыг тав хоногоор хойшлуулж байгаагаа мэдэгдсэнээр үнэ богино хугацаанд эргэн өсөж, 4400 ам.доллароос давсан байна. Ингэснээр алтны үнэ хэдхэн цагийн дотор ойролцоогоор 300 ам.долларын огцом хэлбэлзэл үзүүлж, зах зээлийн тогтворгүй байдлыг тодотгожээ. Гэсэн хэдий ч алтны үнэ нэгдүгээр сарын 29-нд хүрсэн 5594.82 ам.долларын оргилоос хойш 20 гаруй хувиар буурсан хэвээр байна.
Харин мөнгөний зах зээл илүү хүчтэй савлагаанд орж, нэгдүгээр сард 121.67 ам.долларын түүхэн дээд түвшинд хүрч байсан үнэ хоёр дахин буурч, 61.76 ам.долларт хүрсэн нь орчин үеийн үнэт металлын зах зээлийн түүхэн дэх хамгийн хурдтай уналтуудын нэгт тооцогдож байна. Зөвхөн сүүлийн арилжаагаар мөнгөний үнэ 8.9 хувиар буурсан бөгөөд хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг ажиллагаа эхлэх үеийн 117 ам.доллартай харьцуулахад бараг хоёр дахин унасан үзүүлэлттэй байгаа юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар геополитикийн эрсдэл өндөр хэвээр байгаа ч газрын тосны үнийн савлагаа, мөнгөний аж үйлдвэрийн хэрэглээтэй холбоотой эрэлт буурах хүлээлт, өмнөх саруудад үүссэн үнийн хэт өсөлтийн засвар зэрэг хүчин зүйлс зах зээлийг ийнхүү огцом өөрчлөхөд нөлөөлж байна. Ийм нөхцөлд үнэт металлууд “аюулгүй хөрөнгө” гэсэн уламжлалт статусаа түр хугацаанд алдаж, илүү өргөн хүрээний макро эдийн засгийн нөлөөлөлд автаж байгааг шинжээчид онцолж байна.
Ийнхүү алт, мөнгөний үнэ богино хугацаанд огцом савлаж буй нь дэлхийн зах зээлийн тодорхойгүй байдал нэмэгдэж, геополитик, түүхий эдийн зах зээлийн уялдаа холбоо улам гүнзгийрч байгааг илтгэж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ хэлбэлзэл үргэлжлэх төлөвтэй байна.












Сэтгэгдэл бичих