Ашгийн татварын босгыг 6 тэрбум төгрөгөөс дээш орлогод 25% гэж өндөр тогтоосоор ирсэн нь аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаагаа тэлэхээс илүүтэй хумих, хуваах бодлого руу түлхэж ирсэн. 6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан жижиг дунд ААН-үүд 60 тэрбум, 600 тэрбум, 6 их наядаар нь хэмжигдэх ашигтай ажилладаг Оюу толгой болон бусад том компаниудтай ижил 25%-татвар төлдөг нь туйлын шударга бус бодлого юм. Үүнийг валютын ханшийн өсөлт, инфляц зэргийг харгалзан үзэж байгууллагын тэлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс одоогийн шатлалт босгыг нэмэгдүүлвэл дунд ААН-үүдийг том групп компаниудтай адилтгахгүй, ачааллыг нь бууруулах, үр ашигтай ажиллахад уг нь алсдаа хэрэгтэй. Тэр чинээгээрээ үйл ажиллагаагаа тэлж, цалингийн түвшингээ нэмэх, эргээд иргэд бидний амьдралд бодит үр нөлөөг бий болгох юм. Нөгөө талаас Хөрөнгө оруулалтын тухай хууль болон татварын хууль хоорондоо уялдаагүй, зарим тохиолдолд татварын хууль нь хөрөнгө оруулалтын тухай хуулиа үгүйсгэсээр ирсэн асуудлыг тавихад “Хөрөнгө оруулалтын тухай хууль гол биш, татварын хууль давуу” гэх тайлбарыг төрийн албан хаагчдаас олонтаа сонсож байлаа. Гэтэл аж ахуйн нэгж, иргэдийн хувьд хууль хоорондоо эрэмбэлэгдэж бус, харин ижил тэгш, уялдаатай үйлчлэх ёстой гэсэн нэг л ойлголт л бий. Харин төр өөрийн төслүүдэд өргөн хүрээтэй татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгож байхад, нөгөө талдаа хувийн хэвшилд хуульд заасан дэмжлэгээ бодитоор хэрэгжүүлдэггүй үзэмж, ялгаварлал ажиглагдсаар байна.
Өөрөөр хэлбэл, хууль батлах нь хангалтгүй — түүнийг уялдаа холбоотой, ажиллах орчинтой нь хамт цогцлоох нь бодлого тодорхойлогчдын үндсэн үүрэг юм.
Шинээр хэлэлцэгдэх гэж буй хуулийн төсөлд:
• ашгийн татварын босгыг нэмэгдүүлэх, шатлах
• ЖДҮ-тэй холбоотой зохицуулалтыг сайжруулах,
• гаалийн НӨАТ-ыг хойшлуулах,
• татварын өртэй компанийн дансны 20%-ийг шууд битүүмжлэхгүй байх зэрэг өөрчлөлтүүд орсон боловч дараах чухал асуудлууд орхигдсон хэвээр байна:
1. Алдагдлыг шилжүүлэн тооцох зохицуулалт
Их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг төслүүдийн хувьд алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг 4–8 жил, 50%-иар хязгаарлаж байгаа нь бодит нөхцөлд нийцэхгүй. Төслийн онцлогоос хамааруулан илүү уян хатан болгох шаардлагатай.
2. ХХОАТ-н хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтмол өөрчлөгдөх байдлаар зохицуулах нь ажиллах хүчний бодит орлого, инфляцийн өөрчлөлттэй нийцэх шийдэл болно.
3. Орлого-зардлын тэгш бус татварын суурь
Борлуулалтыг аккруэл (accrual) сууриар тооцох атал худалдан авалтыг мөнгөн сууриар хүлээн зөвшөөрч байгаа нь татварын шударга байдлын үндсэн зарчмыг алдагдуулж байна.
4. Даатгалын зардлын хязгаарлалт
Сайн дурын даатгалыг татвар ногдуулах орлогын 15%-иар хязгаарлаж байгаа нь үйлдвэр, томоохон объект бүхий аж ахуйн нэгжүүдийн эрсдэлийн хамгаалалтад сөргөөр нөлөөлнө.
5. Нийгмийн даатгалын зохицуулалт
Хувь хүн аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэх бүрт НДШ ногдуулах зохицуулалт нь иргэдийн орлого олох боломжийг хязгаарлах эсвэл татвараас зайлсхийх нөхцөлийг бий болгож байна.
6. Сэргээгдэх эрчим хүчний бодлогын зөрчил
Эрчим хүчний хомсдол нүүрлэсэн энэ үед сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх жагсаалтаас хасах нь салбарын хөгжилд ноцтой саад учруулна. Энэ нь бодлогын түвшинд зөрчил үүсгэж байна. УИХ-н даргын санаачилсан “чөлөөлье” аян үр дүнгүй болох вий. Эдгээр асуудлуудыг зайлшгүй эргэж харах шаардлагатай.
Бусад улс орны жишээг харвал, саяхан Япон улс хэрэглээний татварын ачааллаа бууруулах бодлогын арга хэмжээ авч, эдийн засагтаа амьсгалах орон зай бий болгохоор ажиллаж байна. Харин манайд махны үнэ 30 мянга давж, иргэдийн амьдралд шууд дарамт болж байхад бодитой, шуурхай зохицуулалт хараахан алга.
Тиймээс татварын шинэчлэлийг зөвхөн орлого төвлөрүүлэх хэрэгсэл гэж харалгүйгээр төр засаг ард иргэд, ААН-үүдээ дэмжиж, олон төрлийн татварын дарамтыг багасгах цаг нь аль хэдийнээ болсон.
Garamjav Tseden – Цэдэнгийн Гарамжав












Сэтгэгдэл бичих