Хятадууд өнөөдөр /2026.02.17/ морин жилээ угтан авч байна. Мянга мянган жилийн түүхтэй хаврын баяраа хятадууд өв уламжлал болон дэвшилтэт технологийг хослуулан угтаж байна.
Хятадууд морийг хурд хүч, тэсвэр тэвчээр, бүтээлч сэтгэлгээний бэлгэдэл гэдэг.
Хаврын баярыг угтаж Хятадын зүүн хэсгийн Жэжян мужид Даваа гаригт /2026.02.16/ 200 гаруй уран бүтээлч хулсан морьтой бүжгийг ард иргэдэд сонирхуулав. Урьд өмнө нь хулсан морьтой бүжгийг ийм өргөн бүрэлдэхүүнтэй толилуулж байгаагүйг Чуньань хошууны соёлын төвийн захирал Пань Ёншя хэлжээ. Өмнөд Сүн улсын (1127-1279) үед үүссэн хулсан морины бүжиг нь хаврын баяр болон дэнлүүний баярын үед уламжлал шингээсэн гол үйл ажиллагааны нэг байдаг. Тус бүжгийг Хятад улс 2014 онд Үндэсний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлжээ.
Харин Гуандун мужид технологийн дэвшилээр морин жилийг угтлаа.
“Дэлхийн цонх” нэртэй сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд цугласан 200 мянга орчим үзэгч хаврын баярт зориулсан гайхамшигтай дрон шоуг үзэж сонирхов. Мянга мянган дронууд энэ үеэр давхиж буй 10 мянган морины дүрсийг бүтээлээ. Морид давхилдахтай зэрэгцээд бөмбөрийн хүчирхэг цохилт, туурайн чимээг эффектээр сонсгосон нь үзүүлбэрийг улам бодит мэт болгожээ. Дронууд энгийн нэг морь бүтээсэнгүй, маш өндөр нарийвчлалтайгаар морины туурайн хээ, намирч буй дэл, морь гэсэн ханз зэргийг тод томруун харуулсан байна.
Дрон шоуг зохион байгуулагч “Shenzhen DAMODA Intelligent Control Technology Co., Ltd” компанийн брэнд менежер Хуан Син “Бидний ашигладаг технологи нь дрон нэг бүрийг сантиметр, бүр миллиметрийн түвшний нарийвчлалтай хөдлөх боломжтой болгодог” гэжээ.












Сэтгэгдэл бичих