МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Отгонтунгалаг, МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа нар УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга П.Батбаатар болон холбогдох албаны төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийлээ.
УИХ-ын дарга Н.Учралд МҮЭХ-ноос өмнө нь хүргүүлсэн хөдөлмөрчдийн эрх ашиг, цалин хөлс, нийгмийн баталгаа, хөдөлмөр нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой шаардлагын хүрээнд энэхүү уулзалт зохион байгуулагдав.
Уулзалтын үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир хэлсэн үгэндээ:
Боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын хэлэлцээрүүд бодитой хэрэгжихгүй байгаа, мөн Засгийн газрын зарим тогтоолууд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, улсын болон салбарын хэлэлцээрүүдтэй зөрчилдөж байгааг онцлов. Үүний улмаас Улсын Их Хурлаас баталсан төсвийн хүрээнд цалин хөлс бүрэн олгогдохгүй, гишүүд, хөдөлмөрчдөөс олон тооны гомдол, шаардлага ирж байгааг тэмдэглэлээ.
Мөн тэрбээр УИХ-ын даргад хүргүүлсэн шаардлагын хариуг хуульд заасан хугацаанд ирүүлэх, түүнчлэн хууль зөрчиж гаргасан Засгийн газрын 224, 225 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох арга хэмжээ авахыг албан ёсоор шаардав.
Хэрэв уг асуудлууд шийдвэрлэгдэхгүй хэвээр үргэлжилбэл Үйлдвэрчний эвлэлүүд хуульд заасан эрхийнхээ хүрээнд дараагийн шатны тэмцлийн хэлбэрт шилжих, цаашлаад нэгдсэн ажил хаялт зарлах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгааг анхаарууллаа.
Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Ч.Нарантуяа нар салбаруудад тулгамдаж буй бодит нөхцөл байдлыг хөндөн тавилаа. Тэд цалин бодох журам тогтворгүй, байнга өөрчлөгдөж ойлгомжгүй болсон, боловсрол, эрүүл мэндийн салбарт хоёр өөр үндсэн цалингийн суурь ашиглаж байгаа нь ялгаатай, шударга бус байдал үүсгэж байгааг онцлов. Мөн илүү цагийг 80 цагаар хязгаарлаж, түүнээс дээш илүү цагийг бодохгүй байгаа нь хөдөлмөрийн мөлжлөг үүсгэж буйг анхаарууллаа. Түүнчлэн төрийн албанд хэрэгжүүлж буй 9 хувийн цомхотгол нь удирдлагын түвшинд бус, жолооч, үйлчлэгч, техникийн болон дэмжих үйлчилгээний ажилтнуудад чиглэж байгаа нь бодлогын алдаа дагуулж байгааг тэмдэглэв. Үүнээс гадна хүнд хортой нөхцөлд хамаарах ажлын байрууд холбогдох тогтоол, зохицуулалтад бүрэн хамрагдахгүй байгаа нь салбарын ажилтнуудын эрхийг зөрчиж буй ноцтой асуудал гэдгийг дурдлаа.
Харин УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга П.Батбаатар цалин нэмэх асуудал хуульд тусгагдсан тул Засгийн газар түүнийг заавал хэрэгжүүлэх үүрэгтэйг онцлон тэмдэглэж, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газарт хүргүүлсэн албан тоотын хариуг албан ёсоор мэдэгдэхээ илэрхийлэв. Тэрбээр мөн УИХ-ын хаврын чуулган 2026 оны 3 дугаар сарын 15-нд эхлэх бөгөөд уг асуудлыг чуулганы үеэр дахин хэлэлцэх, нээлттэй сонсгол зохион байгуулах боломжтой гэдгийг дурдлаа.
Уулзалтын төгсгөлд МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр 2026 оны улсын төсвийн тухай хууль бодитоор хэрэгжиж, салбарын болон улсын хэлэлцээрт туссан асуудлууд бүрэн хэрэгжилтээ хангах шаардлагатай гэдгийг онцлов. Энэ хүрээнд хуульд заасны дагуу нээлттэй сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэсэн МҮЭХ-ны саналыг хэвээр дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Мөн нийгмийн түншлэл нь зөвхөн санал хүргүүлэх түвшинд бус, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх шатанд ҮЭ-ийн бүх түвшний төлөөллийн бодит оролцоог хангах замаар үр дүнтэй хэрэгжих ёстойг тэмдэглэв. Энэ хүрээнд ҮЭ-үүдээс гаргаж буй санал, санаачлагыг бодит ажил болгох чиглэлд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, хариуцлагатай оролцох байр сууриа МҮЭХ хадгалж ажиллана хэмээн онцоллоо.












Сэтгэгдэл бичих