Австралийн далайн эрэг сургуулийн амралтаар хөл хөдөлгөөн ихтэй болдог. Гэвч сүүлийн өдрүүдэд аварга махчин загасны халдлагаас болоод иргэдийг ус руу ойртохгүй байхыг сануулах боллоо. Сүүлийн 48 цагийн дотор дөрвөн ч удаа махчин загасны халдлага болсон тул Шинэ өмнөд Уэльсийн эрэг дагуух 40 орчим эргийг хаажээ.
Дөрвөн удаагийн халдлага дандаа бух махчин загас гэх төрөл зүйлд хамаарна. Австралийн бух махчин загаснууд зуны саруудад алдартай наран шарлагын газруудаар их эргэлддэг.
Гэтэл Сидней хотод 24 цаг гаруй үргэлжилсэн хүчтэй аадар бороо махчин загаснуудыг улам идэвхжүүлсэн бололтой. Бух махчин загас цэнгэг ус болон далайн давстай усанд хоёуланд нь амьдрах өвөрмөц чадвартай. Их хэмжээний борооны дараа ус булингартаж, үзэгдэх орчин муу болсноор махчин загас идэш хоолоо олоход амаргүй болж, улмаар хүн рүү халддаг.
Эрэг орчмоор махчин загас харагдах, хүмүүс махчин загасанд мөргүүлэх зэрэг зүйл байдаг ч гэлээ сүүлийн дөрвөн тохиолдлын хувьд дөрвүүлээ бодитоор халдлагад өртсөн нь ер бусын байгаа аж.
Эхний халдлагад 12 настай хүү өртсөн бөгөөд хоёр хөлөндөө шарх авсан. Хүү одоогоор биеийн байдал сайнгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дараагийн хохирогч нь 25 настай серфингч бөгөөд Сиднейн хойд эрэг дагуу хүмүүс олноор очдог газарт халдлагад өртжээ. Гурав дахь хохирогч нь 11 настай хүү байсан. Гэхдээ аварга загас хүүд гэм хор учруулж чадаагүй бөгөөд серфингийн тавцангаас нь 15 см орчмыг зууж тасалсан байна. Дөрөв дэх хохирогч мөн серфингээр гулгаж байгаад халдлагад өртсөн бөгөөд харьцангуй хөнгөн гэмтжээ.
Махчин загасны халдлага ихэссэн тул эрэг дагуу дроноор ажиглалт хийх, аврах нисдэг тэрэг бэлэн байршуулах зэрэг арга хэмжээг авч байна. Түүнчлэн усны тийрэлтэт мотоциклтой аврагчид эргүүл хийж байна.
Аварга загасны хувьд хазах гэдэг нь эргэн тойрноо мэдрэх нэг арга байдаг. Гэвч хазах зүйл нь хүн болчих юм бол үхлийн аюултай гэдэг нь ойлгомжтой юм.
Халдлагын тоо ихэссэн ч гэсэн Сидней орчимд бух махчин загасны тоо толгой нэмэгдсэн гэх судалгаа байхгүй. Харин далайн эргээр амарч зугаалж буй хүмүүсийн тоо нэмэгдсэн нь л үнэн юм.











Сэтгэгдэл бичих