Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Боловсролын яам Монголын Оюутны холбоо болон оюутны байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, 45 мянган оюутныг хамруулсан судалгааны үр дүн, тулгамдаж буй асуудал, бодлогын саналуудын талаар санал солилцлоо.
Судалгаанд хамрагдсан оюутнууд сургалтын чанар, төлбөрийн ил тод байдал, хөдөлмөр эрхлэлт, дадлагын тогтолцоо, дотуур байр, эрүүл мэндийн үйлчилгээ болон цахим үйлчилгээний хүртээмжтэй холбоотой асуудлыг хөнджээ.
Өмнө нь буюу 2023 онд оюутнуудын санал санаачилгад үндэслэн Засгийн газрын 111 дүгээр тогтоол батлагдаж, нийтийн тээвэр, эрүүл мэнд, цахим үйлчилгээ, номын сангийн үйлчилгээ, “Оюутан цэрэг” хөтөлбөр зэрэг чиглэлээр бодлогын шийдвэрүүд хэрэгжиж эхэлсэн. Энэ удаагийн уулзалтаар уг тогтоолын хэрэгжилтийг дүгнэж, үр дүнтэй ажлуудыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ хангалтгүй хэрэгжиж буй арга хэмжээг сайжруулах шаардлагатайг онцолсон байна.
Мөн Боловсролын зээлийн сангийн тогтолцоог боловсронгуй болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын хамтарсан 2+2, 2+1 хөтөлбөрийг өргөжүүлэх, E-Student 2.0 үйлчилгээг хөгжүүлэх, оюутнуудын хөдөлмөр эрхлэлт, дадлага хийх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг танилцуулжээ.
Түүнчлэн сургалтын орчин, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дотуур байрны хүртээмжийг сайжруулах, оюутны хотхоны хөгжлийг үе шаттай дэмжихээр төлөвлөж байна. Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, нийгмийн даатгалын эрх зүйн шинэ зохицуулалтын талаар оюутан, ажил олгогчдод мэдээлэл хүргэх ажлыг эрчимжүүлэхээр болжээ.
Уулзалтаар дэвшүүлсэн санал, санаачилгыг Засгийн газрын бодлого, шийдвэрт тусгах, салбар хоорондын уялдаа холбоог хангах, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр талууд хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.
Эх сурвалж: Боловсролын яам











Сэтгэгдэл бичих