Засгийн газраас 2027-2030 онд зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. энэхүү хөтөлбөр болон орон сууцны ипотекийн зээлийн өнөөгийн байдлын талаар гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр /2026.11.03/ сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Залуу гэр бүл, төрийн болон төрийн үйлчилгээний ажилтан, олон хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, гамшгийн улмаас орон гэргүй болсон өрх зэрэг зорилтот бүлгийн хөтөлбөрт хамрагдах бөгөөд 2027 онд 16 мянган өрхийг хамруулахад 1.8 их наяд төгрөгийн санхүүжилт босгож, ирэх оны төсөвт тусгахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ одоо хэрэгжиж буй 6 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр үргэлжлэн хэрэгжинэ. 2026 оны 9-р сарын байдлаар Монголбанкинд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл авахыг хүссэн 55 мянган иргэний хүсэлт шийдвэрлэгдээгүй байна. 6-7-хон сарын өмнө энэ хүсэлт 47 мянга байсан бол богино хугацаанд ингэж нэмэгдсэний цаана нэг иргэн хэд хэдэн банкинд зэрэг хүсэлт гаргасан давхардлууд байна. Тиймээс давхардлыг арилгаж, зээл хүссэн иргэдийн мэдээллийг цахимд ил тод болгохоор ажиллаж байна гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өчигдөр мэдээлсэн.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Зээл хүссэн иргэдийн мэдээллийг ил тод болгож, жагсаалтын хэддүгээрт байгаагаа харах боломжтой портал хөгжүүлж байна. Тун удахгүй, хоёр сарын дотор ашиглалтад орно.
2026 оны эхний есөн сарын байдлаар 6 хувийн хүүтэй 765 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Харин арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр жилд дунджаар 18.6 хувийн хүүтэй 1.9 их наяд төгрөгийн зээл олгоод буй бөгөөд энэ нь нийт ипотекийн зээлийн 74 хувийг эзэлж байна гэв.












Сэтгэгдэл бичих