ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Ж.Эпстейнийн хэргийг судлан шинжлэх ажлын хэсэг байгуулна гэдгээ мэдэгдээд буй. Энэ талаар цаг үеийн мэдээлэл өглөө. Тэрбээр “Ж.Эпстейнийн хэрэгт манай улстөрчдийн нэр дурдагдаж, өсвөр үеийнхний сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж болзошгүй мэдээллүүд гарч байгаа. Иймд улс орны ирээдүй, нийгмийн аюулгүй байдлын үүднээс ажлын хэсэг байгуулахаар болсон. Ажлын хэсэг дан ганц Ж.Эпстейнийн хэрэг бус хар тамхи, цахим залилан, хүний наймаа зэрэг асуудлыг цогцоор авч үзнэ.
Хууль шүүхийн байгууллагаар нотлогдоогүй зүйл дээр улстөржиж, хэн нэгнийг гүтгэж болохгүй гэдгийг би сайд болсноосоо хойш илэрхийлсээр байгаа. Гэхдээ дотоод аюулгүй байдалтай холбоотой ийм асуудал дээр бодлогын яам, холбогдох байгууллагууд чимээгүй байж болохгүй. Улсынхаа хууль тогтоомжийн хүрээнд үнэн бодитой эсэхийг тогтоох зүйтэй.
Ажлын хэсэгт хөндлөнгийн эксперт шинжээчдийг оролцуулж, олон нийтэд нээлттэй байдлаар явуулна. Асуудалд эрүүл хандаж, тэнцвэртэй мэдээллийг цуглуулж, эргэлзээгүй байдал үүсгэх хэмжээнд цэг тавих ёстой.
Сонсгол зохион байгуулах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ нээлттэй сонсгол шүүх хурал байж болохгүй. Шүүхийн ажлыг бид хийхгүй. Баахан хэрэг ярьж, сенсаци дэгдээчихээд хаячихдаг гашуун туршлага байна. Энэ нь төр иргэний итгэлцлийг сулруулдаг, хууль шүүхийн байгууллагад эргэлзээ төрүүлдэг” гэв.











Сэтгэгдэл бичих