“Сэмүүн” студийн захирал, найруулагч Б.Баяр нь бидний сайн мэдэх “АХА”, “Мөнгөтэй зочин” нэвтрүүлгүүдийн хөтлөгч. Мөн хадны зургийг сонирхон судалдаг уран бүтээлч юм. Хадны зураг дахь эмэгтэй дүрслэлд тулгуурласан “Алтан Венера” гэрэл зургийн үзэсгэлэнг нээхээр бэлтгэл хангах их ажлын үеэр нь түүнтэй уулзан, ээжийнх нь зохиосон “Бүүвэйн дуу”, уран бүтээлийн сонирхол болон хадны зургийн судалгааных нь талаар ярилцлаа.
-Таны ээжийг Хараацай шувууны дэгдээхэй шиг, Харцан дундуураа дуудаад байна уу даа. Ээ бүүвэй ээ, бүүвэй ээ бүүвэй бүүвэй гээд Монголын хамгийн алдартай бүүвэйн дууг зохиосон гэж сонсч байсан. Энэ дууны түүхийг ярьж өгөөч?
-“Бүүвэйн дуу”-г хүн болгон аялдаг байх. Бараг ардын дуу шиг болчихсон энэ дууны үг, аяыг манай ээж зохиосон гэдэгт би өөрөө маш их баярлаж, бахархаж явдаг. Энэ дууны тухай ээж минь амьд сэрүүн байхдаа олон удаа ярилцлага өгч, бидэнд ч бас их зүйл ярьж үлдээсэн. Бүр ном хүртэл гарсан байдаг. Нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа 1990 онд “Дуу зохиосон эмээ” нэртэй нэвтрүүлэг хийж байсан.
Манай ээж даруухан хүн байсан болохоор “би зохиосон” гэж ерөөсөө хэлдэггүй. Ойр тойрныхон, нутгийнхан нь л мэддэг байсан. Өөрөөс нь асуухаар 18–19 настайдаа энэ дуугаа зохиосон гэж ярьдаг байлаа. Үүнээс гадна өөр гурван дуу зохиосон байдаг ч тэдгээр нь нэг их олонд түгээгүй.
1948 онд шинэ бичгийн багш болж ажиллаад, дараа нь Ховд аймгийн Манхан сумын орлогч даргаар ажилласан. Тэр үед бүх нийтийг бичиг үсэгжүүлэх ажилд их хувь нэмэр оруулсан гэж нутгийнхан нь ярьдаг. Сумын дарга нь сургуульд явах үед хэсэг хугацаанд сумын даргын ажлыг ч хийж байсан гэдэг. Тэр үед Улаанбаатар хотод Бүх ард түмний урлагийн наадам болохоор болж, аймаг орон нутгийн авьяастай хүмүүсийг цуглуулж оролцуулсан юм билээ. Ээж тэр наадамд өөрийн зохиосон “Бүүвэйн дуу”-гаараа оролцож байсан. Баримтат кинон дээр “Захчин ардын дууг малчин Халзаа дуулна” гэж зарласан байдаг. Учир нь Бүх ард түмний урлагийн наадамд оролцож байгаа болохоор сумын орлогч дарга гэж зарлуулахгүй, энгийн малчин гэж зарлуулсан гэсэн. Тэр дуу кино хальсанд хадгалагдаж үлдсэн. Энэ бүх түүхийг ээжийгээ амьд сэрүүн байхад нь сонсч байсан. Манай хамгийн том эгчийг айлд өргүүлсэн. Ээж маань тэр эгчид зориулж энэ дуугаа зохиосон гэж надад хэлж байсан. Сүүлд сонин, телевизийн сэтгүүлчид ирж ярилцлага авч, нэвтрүүлэг хийж байснаас хойш л олонд илүү мэдэгдэх болсон.
-Аялгуу, хэмнэлийн хувьд нээрээ баруун монгол дууны хэв маягтай юм байна шүү?
-Тийм. Баруун монгол дууны өнгө аяс их мэдрэгддэг. Баруун монголын бий биелгээний хэмнэл, товшуур, морин хуурын аялгууны айзам, хэлбэр ч сонсогддог. Хэрвээ үггүйгээр аялуулж сонсвол дан хөгжмийн талаасаа тийм ч шинэ, содон аялгуунаас бүтсэн зүйл биш. Харин шүлэг, аялгуу хоёр нь нийлээд нэг цогц бүтээл болсон гэж боддог.
-Удахгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Эрхийг хамгаалах өдөр боловч монголчууд ихэвчлэн эмэгтэйчүүдийн баяр гэж хүлээж авдаг. Энэ өдөр ээжийгээ дурсахад танд юу бодогдож байна вэ?
-Намайг багад эмэгтэйчүүдийн баяр гэж ярьдаг байсан. Харин сүүлд нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэж нэрлэх болсон. Манай ээж 17 настайгаасаа эхлээд сумын бичиг үсгийн багш, сумын орлогч дарга, бүр сумын даргаар ч ажиллаж байсан. Насаараа л тийм ажил хийсэн хүн дээ. Тийм болохоор олигтойхон амарч, уран бүтээлдээ илүү төвлөрөх зав зай бараг байгаагүй болов уу гэж боддог.
Амьдралынхаа ихэнх он жилүүдийг улс орныхоо бүтээн байгуулалтад зориулсан. Ажилдаа үнэнч хүн байсан. Улсын ажил гээд шөнө орой ирнэ, үүрээр гараад явна. Би ээжийгээ амарч байхыг бараг мэддэггүй.
Сүүлд тэтгэвэрт гарсныхаа дараа ч төв музейд заалны зохион байгуулагчаар 7–8 жил ажилласан. Аав, ээж хоёрын маань ажилсаг, хөдөлмөрч зан чанар одоо ч их бодогддог. Тэр ажилсаг зан нь л санаанд буудаг. Харин хайр халамжийн тухайд эх хүн болгон үр хүүхэддээ хайртай байх нь мэдээж.
Ээжийгээ тэнгэрт дэвшихэд “Намайг чин сэтгэлээсээ хайрлаж байсан нэгэн зүрх байхгүй болчихлоо” гэж бодож байсан.
Мартын найман, төрсөн өдөр, шинэ жилээр хамгийн түрүүнд ээждээ мэнд хүргэдэг. Хаашаа ч явсан ээждээ юм авчирдаг байлаа. Харин ээжийг өнгөрсний дараа тийм зүйл байхгүй болчихоор их л эвгүй санагддаг юм билээ. Гэхдээ амьдралын жам юм даа. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Энэ өдөр ээжийгээ санаж, дурсан ярьж суухад сайхан байна.
-Таныг харахад их эрх чөлөөтэй хүн шиг санагддаг. Өөрийнхөөрөө, дур зоргоороо юм шиг. “Мөнгөтэй зочин” нэвтрүүлгээс үзэхэд тухайн айлын гэр бүлийн гишүүн мэт дотно байдаг. Та багаасаа хэрсүү хүүхэд байсан уу, эсвэл гэр бүлийн нөлөө юү?
-Энэ зан чанар минь төрөлхийн юм шиг санагддаг. Би дураараа хүн ч гэсэн бусдад саад болохыг хүсдэггүй. Харин өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг. Сүүлийн үед хүмүүстэй маргалдаж, зөрөлдөхөө ч багасгасан. Маргалдаж, зөрөлдөөд ч яах вэ дээ гэж боддог болсон. Гэхдээ нэлээд дураараа хүн шүү. Үүнд гэр бүлийн хүмүүжил ч нөлөөлсөн байх гэж боддог. Бид эхээс зургуулаа. Хамгийн том эгчийг маань айлд өргүүлсэн. Би гурван эгчтэй, нэг дүүтэй. Миний дээр нэг эрэгтэй хүүхэд төрсөн ч багадаа эндсэн гэдэг. Тийм болохоор ч тэр үү, намайг их эрхлүүлж өсгөсөн. Аав, ээж маань ч “хамгийн дураараа нь чи” гэж хэлдэг байсан. Манай дүү намайг бодвол илүү даруулгатай. Харин би юу бодож, санаж байгаагаа хийчихдэг талтай. Гэхдээ хүмүүст саад болохгүй байхыг л боддог. Тэр зан чанар маань уран бүтээлд минь их нөлөөлдөг гэж боддог. Хүний бодолд баригдалгүй, санаснаа хийж чаддаг. Жишээ нь, хадны зураг авах сонирхол маань ч тийм. Хэн нэгний нөлөөгөөр биш, өөрийнхөө дур сонирхлоор явж зураг авдаг. Хадны зураг авахад минь төр, нийгмийн зүтгэлтэн П.Цагаан гуай их тусалж дэмждэг. Тэр нэг удаа надад “Чи өдөр ярьж байгаад, шөнө нь явчихсан байдаг юм. Бараг донтчихсон юм шиг” гэж хэлж байсан.
Заримдаа гэнэт “Ховд явлаа” гээд л явчихна. Хүмүүс “Яах гэж байгаа юм?” гэхээр нь “хадны зураг авна” гэдэг. Тэгэхэд “чи тийм баян хүн үү?” гэж асуудаг. Гэхдээ би тэр зүйлдээ хайртай, дуртай учраас, бас үлдээх ёстой зүйл гэж боддог болохоор яаж ийгээд л явдаг.
Тэгээд бодохоор нээрээ л би нэлээд дураараа хүн. Манай аав, ээж нэг их загнаж, гар хүрч байгаагүй. Гэхдээ би хэзээ ч хэмжээнээсээ хэтэрч байгаагүй гэж боддог.
–АХА, “Мөнгөтэй зочин” зэрэг нэвтрүүлгүүд хүний танин мэдэхүйд хувь нэмэр оруулдаг. Таны сонирхдог зүйлс эдгээр нэвтрүүлгийг хөтлөхөд нөлөөлсөн үү?
-Хүмүүс аливаа зүйлийн учрыг ойлгож, цаад утга учрыг нь тунгааж бодоосой гэж би хүсдэг. Одоогийн цаг үед энэ маш хэрэгтэй санагддаг.
Нэг асуудал гарахаар л хүмүүс бие бие рүүгээ дайрч, сайн мэдэхгүй зүйлээ мэддэг мэт ярьж, танихгүй хүнийг ч муулж доромжилдог. Харин тухайн зүйлийн цаад учрыг тайлж мэдэхийг төдийлөн хүсдэггүй.
Мэдээллийг ч шүүлтүүргүйгээр хүлээн авдаг, зөв мэдээллийг хаанаас олж авахаа ч тэр бүр мэддэггүй. Тиймээс өөрийн мэдэж, дуулсан зүйлсээ хүмүүстэй хуваалцахыг хүсдэг. Гэхдээ тэр мэдээлэл заавал баттай эх сурвалжтай байх ёстой. Миний мэргэжил бол баримтат киноны найруулагч. Баримтат киноны найруулагчийн хувьд хамгийн чухал нь баримтыг баримтлах. “Тэр хүн ингэж хэлсэн” гэж дам яриагаар ярих боломжгүй. Аливаа зүйлийн учир шалтгааныг ойлгож байж л үйлдэл хийх ёстой гэж боддог. Харин үүнийг хүмүүст хүргэхдээ гунигтай, нуршсан байдлаар биш, харин хөгжилтэй, сонирхолтой байдлаар ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүний анхаарал төвлөрөхгүй.
-Хадны зургийг үнэт өв гэж үзэж, хүмүүст таниулах, гэрэл зургаар мөнхлөх хэрэгтэй гэж анх хэзээнээс бодсон бэ?
-Энэ манай ээжтэй холбоотой. 1998 онд би “Тэнгэрийн нүүдэл” нэртэй баримтат кино хийж байсан. Тэр үед Москвагийн Кино урлагийн их сургуульд баримтат киноны найруулагч мэргэжлээр сурч байлаа. Ховд аймгийн Манхан суманд байдаг тэмээний “хошуу нүүдэл” гэж маш нарийн дэг жаягтай нүүдэл бий. Тэнд эхлээд хэн явдаг, ямар зан үйл хийдэг гэх мэт олон зүйлийг ээж минь надад тайлбарлаж өгсөн. Тэгээд би өөрийнхөө дураараа зангаар энэ нүүдлийн зургийг заавал авна гэж шийдээд, ээжийгээ хамт авч явж байсан. Тэр киноны зураг авалтыг хийж байх үед Манхан сумын нутагт байдаг Хойд Цэнхэрийн агуйд очсон. Одоогоос 40 мянган жилийн өмнөх түүхтэй зосон зурагнууд байдаг. Тэдгээрийг хараад үнэхээр гайхширсан. Түүнээс доош буухад Ишгэн толгой нэртэй хад байсан. Тэр хаданд загас болон бусад олон төрлийн зураг байсан. Тэр үед л “эдгээр зургийг заавал авч үлдэхгүй бол устах нь” гэж бодсон. Ингээд Ховд аймгийн хадны зургийн тухай “Сар анх мандсан нутаг” нэртэй анхны баримтат киногоо хийсэн.
Ээжийг минь багад “тэр газар бол лусын охидын тоглоом, тийшээ чулуу шидэж болохгүй, ойртож болохгүй” гэж захидаг байсан гэж ярьдаг. Харин сүүлд археологичидтой уулзаж судлахад тэр хаданд байсан “загас” нь 400 сая жилийн өмнөх амьтны дардас байсан нь тогтоогдсон.
Гэтэл тэр дардас олон жилийн хугацаанд устчихсан. Тэгээд л “дор хаяж зургийг нь авч үлдэх ёстой” гэж бодсон. Нэг талаас энэ бол өв соёл, түүх. Нөгөө талаас урлаг. Би оюутан байхдаа “Дэлхийн урлагийн түүх” гэсэн хичээл үздэг байсан. Гэтэл тэр хичээлд монголын хадны зураг бараг дурдагддаггүй байлаа. Тиймээс үүнийг дэлхийд таниулах ёстой юм байна гэж бодсон. Хадны зургуудыг судалж эхлэхээр маш олон гайхамшгийг олж хардаг. Зан заншил, ан ав, дайн тулаан, эмэгтэйчүүдийн дүрслэл, баатар жанждын дүр, ахуй амьдрал, хувцас хунар гээд олон зүйл харагдана. Эдгээрийг сонирхож эхэлснээр сүүлдээ бүр “хар тамхи шиг донтчихдог” юм билээ. Түүнээс хойш энэ сэдвээр зургаан баримтат кино хийсэн. Одоо ч дахин хийхээр ажиллаж байна. Нэг ёсондоо миний хобби болсон. Гэхдээ үүнийг зөвхөн сонирхлын түвшинд бус, хайрлаж хамгаалах ёстой. Шинжлэх ухааны эргэлтэд оруулах шаардлагатай.
-Хүмүүс энэ бүхнийг сайн ойлгож мэддэггүй байх. Түүхэн дурсгалт газруудад очиход хаданд сараачсан, сүйтгэсэн зүйл их харагддаг. Үүнээс сэргийлэхийн тулд “лусын охидын тоглоом” гэх мэт домог зохиож хориг тавьдаг байсан болов уу?
-Тийм. Энэ бол нэг төрлийн оюуны дархлаа. “Лусын охидын тоглоом, ойртож болохгүй” гэж хэлдэг нь үнэндээ хамгаалж байгаа хэлбэр юм. Эртнээс хүмүүс ийм байдлаар хамгаалалт хийдэг байсан. Тиймээс энэ өв уламжлал, урлагийн бүтээлийг хадгалж хамгаалахын тулд зохих байгууллагууд анхаарч, арга хэмжээ авах хэрэгтэй. Одоо бол өмнөх үеэ бодвол хамгаалалт арай сайжирч байна. Тухайн нутагт амьдардаг малчид ч тодорхой хэмжээнд хяналт тавьдаг. Зарим газар очиход морьтой хүн ирээд “Та нар юу хийж явна?” гэж асууж, шалгаж хянадаг. Гэхдээ Монголын өргөн уудам нутагт тархсан бүх хадны зургийг хамгаална гэдэг асар их хөрөнгө шаардсан ажил. Одоогоор тодорхой хэмжээнд хамгаалалт хийж байгаа ч хангалттай биш санагддаг. Харин эртний монголчууд ийм дурсгалуудыг оюуны дархлаагаар хамгаалж чаддаг байсан.
-Одоо залуус мэдээллийн далай дундаас хэрэгтэйгээ хэрхэн түүж цуглуулах вэ?
-Бодит эх сурвалжаас өөрийн сонирхсон мэдээллээ сонгон авах хэрэгтэй. Жишээлбэл, нэг загас шарж идье гэвэл YouTube-ээс зааврыг нь хараад л хийж болж байна. Ийм боломж их болсон учраас олж авсан мэдээллээ зөв, буруугаар нь ялгаж, системтэйгээр цэгцэлж сурах нь чухал.
-Та хэрвээ одоо үеийн залуу байсан бол юу хийх байсан бэ?
-Энэ бол хүн төрөлхтний мөнхийн сэдэв. Хүн бүр л “бүтээнэ, хийнэ” гэж ярьдаг. Харин миний хувьд одоо залуу байсан бол аль болох олон зүйлийг сурахыг хичээх байсан. Сураад, мэдлэгээ тэлээд л явна. Ер нь мэдлэг, боловсрол гэдэг хүний нийгэмд эзлэх байр суурь, хамгаалалт, дархлаа юм. Харин боловсролгүй бол боловсролтой нэгнийхээ боол болохоос өөр аргагүй. Баримтат кино найруулахын тулд маш олон сэдвийг уншиж, судлах шаардлагатай болдог.
Жишээлбэл, Монгол Улсын баатар генерал Гунгаагийн тухай хөрөг бүтээе гэвэл Халх голын дайныг судлах хэрэгтэй.
Барон Унгерны тухай кино хийх бол 1921 оны түүхийг мэдэх шаардлагатай. Харин хадны сүг зурагтай холбоотой бүтээл хийх бол чулуун зэвсгийн үеийн талаар зайлшгүй судална. Ийм байдлаар олон талын мэдлэг хуримтлагддаг. Хамгийн чухал нь тэр бүх мэдээллийг тархиндаа зөв системчилж сурч чадвал их хэрэгтэй.












Сэтгэгдэл бичих