Монгол Улсын биологийн олон янз байдлыг хамгаалах бодлого, төлөвлөлт, шинжлэх ухааны чухал ач холбогдолтой Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Амьтны Улаан дансны үнэлгээ” 20-ИОД ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ШИНЭЧЛЭГДЭЖ, хоёрдугаар боть хэвлэгдэн гарч, олон нийтэд танилцуулагдлаа.
Улаан данс нь ховордож буй амьтан, ургамлын зүйлүүдийн устах эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлдэг, 60 гаруй жилийн түүхтэй, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичиг бөгөөд зүйлүүдийн устах эрсдэлийг тодорхойлохоос гадна ховордож буй зүйлүүдэд чиглэсэн хамгааллын бодлого, арга хэмжээг нэн тэргүүнд тодорхойлох суурь хэрэгсэл болдгоороо онцлогтой.
Монгол Улсын хувьд хөхтөн, загас, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан зэрэг сээр нуруутан амьтдын 689 зүйлийн тархац, ховордлын зэрэг, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг Улаан дансны шалгуураар 2006–2011 онд үнэлж, хамгааллын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж ирсэн ба энэ удаа загас, хөхтөн, хоёр нутагтан, мөлхөгчийн 253 зүйлийг үнэлсэн. Өмнөх үнэлгээнээс хойш 15-20 жил өнгөрсөн нь Улаан дансны үнэлгээний шалгуурт нэмэлт, өөрчлөлт орсон, мөн амьтдын популяцийн төлөв байдал, үзүүлж буй нөлөөлөлд бодит өөрчлөлт гарч, дахин үнэлэх шаардлага зүй ёсоор бий болсон цаг үед энэхүү үнэлгээ хийгдсэнээр ач холбогдолтой юм.
Цаашид байгалийн нөөцийн хамгааллын бодлого, төлөвлөлт боловсруулах, амьтдын ховордлын зэрэглэлийг үнэлэх, жагсаалтыг шинэчлэх, хамгааллын арга хэмжээг тодорхойлоход шинжлэх ухааны үндэслэл бүхий суурь баримт бичиг болгон ашигладаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Мөн мэдээлэл дутмаг, анхааралд өртөхөөргүй, үнэлэх боломжгүй зүйлийн эзлэх хувь их байгаа тул цаашид бид эдгээр зүйл амьтны суурь судалгаа, мэдээллийг өргөжүүлэх, шинэчлэхэд анхаарах шаардлагатай юм.
Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Дэлхийн байгаль хамгаалах сан болон үнэлгээг хийхэд өөрсдийн мэдлэг, туршлага, оюуны нөр их хөдөлмөрөө зориулсан 50 гаруй эрдэмтэн, судлаач, их, дээд сургуулийн багш нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.












Сэтгэгдэл бичих