Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, арьс шир, ноос ноолууран түхий эдийн гүн боловсруулах түвшнийг ахиулах, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх “Цагаан Алт” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж байна.
Хөдөлгөөний хүрээнд “Арьс ширэн түүхий эд бэлтгэл–2025” хэлэлцүүлгийг дөрвөн бүсийн найман аймагт зохион байгуулж, орон нутгийн хоршоод болон үйлдвэрлэгчдийн бодит нөхцөл байдал, тулгамдсан асуудалтай танилцсан билээ. Үүний үргэлжлэл болгон аймаг, орон нутгийн хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнүүдийг салбарын бодлого, үйлдвэрлэлийн чиг хандлага, туршлага солилцох уулзалт, сургалтад хамрууллаа.
Орон нутгийн мэргэжилтнүүд “Цагаан алт-2025” эрдэм шинжилгээний хуралд оролцож, хөдөлгөөний хэрэгжилт, санхүүжилтийн бүтэц, үйлдвэрлэлийн өргөтгөл, бүтээгдэхүүний нэр төрөлд үзүүлж буй нөлөө, салбарын хүний нөөцийн бодлого, тулгамдаж буй асуудлуудаа эрдэмтэн судлаачид болон үйлдвэрлэлийн төлөөллүүдтэй хэлэлцсэн.
“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2025” үзэсгэлэн худалдаагаар зочилж үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, “Монголын ноос ноолуурын холбоо”, “Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”, “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-гоор зочиллоо. Түүнчлэн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Кашемир холдинг” ХК, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Нэхээсгүй эдлэл” ХХК, хивс үйлдвэрлэгч “Улаанбаатар хивс” ХК, арьс шир боловсруулах “Мон-Ирээдүй” ХХК, “Булигаар” ХК, цүнх жижиг эдлэл үйлдвэрлэгч “Марис трэйд” ХХК, гутал үйлдвэрлэгч “Брэнд гутал” ХХК зэрэг үндэсний үйлдвэрүүдэд ажиллав. Салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болох Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн “Арьс ширний төв лаборатори”-ийн үйл ажиллагаатай мөн танилцав.
Орон нутгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн худалдаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах сургалтын үеэр салбартаа үр бүтээлтэй ажилласан зарим мэргэжилтнүүдийг салбарын шагналаар шагнаж ажлыг нь үнэлсэн юм. Тухайлбал Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хөнгөн үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Санжидмоломыг Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний тэргүүний ажилтан, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хөнгөн үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн М.Үүлэнсолонгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн “Хүндэт жуух”-аар шагнаж урамшууллаа.
Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд орон нутагт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гутал, савхин хувцас, цүнх, сүлжмэл эдлэл, хөнжил, оймс зэрэг үйлдвэрлэлийг хөгжүүлснээр ажлын байр бий болгож, малын гаралтай түүхий эдийг дотооддоо бүрэн ашиглах боломжийг нэмэгдүүлж байгаа онцоллоо.












Сэтгэгдэл бичих