Засгийн газраас хүйтний улиралд буюу ирэх тавдугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг аймгуудын Засаг дарга нарт сануулсан юм. Гэсэн хэдий монголчууд жилийн дөрвөн улиралд мориныхоо уяа сойлгыг тааруулж байдаг учраас морины тар хийх үед хүүхэд мориноос унаж, нас барсан хэрэг гарсан. Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комиссын мэдээллээр Сүхбаатар аймагт /2019.01.23/ хүүхэд мориноос унаж амиа алдсан хэрэг гарсан гэдгийг дуулгасан.
Тиймээс хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс өвөл, хаврын морин уралдааныг хориглохыг холбогдох албаныханд хатуухан сануулж, хяналт тавихыг үүрэгдээд байгаа. Олон зуун жилийн түүхтэй морь уралдуулах ёс нь өдгөө улам хөгжингүй шатандаа ирж, илүү спортын талдаа ирсэн учраас ийнхүү өвөл зун аль ч улирлыг үл харгалзан уралдах болсон учраас осол эндэгдэл гарах нь олширсон гэдгийг ч ахмадууд хэлж байгаа.
Харин Сар шинийн энэ өдрүүдэд Засгийн газрын шийдвэр, орон нутгийн удирдлагын хатуухан сануулга, хяналтаас бэргэн нууцаар сунгаа хийж байгаа сумд олон байгааг эх сурвалж хэлж байна. Тэр тусмаа ид хүйтний улиралд морины тар хийж хүүхэд мориноос унаж эндсэн гэх Сүхбаатар аймаг, хил залгаа Дорноговь аймгийн зарим сумдын уяачид нууц сунгаа хийж, мөн хийх гэж байгааг бидэнд мэдээлсэн юм.
Ирэх тавдугаар сарын 1 хүртэл урт хугацаа байгаа хэдий ч морины сунгаа хийж байна гэдэг маш ойрын наадамд бэлдэж байгаа гэдгийг морь гадарлах монгол хүн бүр мэдэж байгаа. Үүнээс харвал ойрын үед мөн нэгэн нууц уралдаан байхыг үгүйсгэх арга алга. Эх сурвалжийн мэдээллээс харахад жил бүр уламжлан зохион байгуулагддаг “Хутагтын хурд”-ыг хийх сураг ч бий. Тэгэхээр уламжлалт ёсоо бодсон ч Засгийн газар шийдвэрээ эргэн харах, эсвэл аюулгүй байдал тал дээр илүү боловсоронгуй дүрэм журамтай болохыг цаг хугацаа, нөхцөл байдал шаардаж байгааг харуулсан хэрэг болоод байна.
Сэтгэгдэл бичих