Баасан гаригаас эхэлсэн засгийн газрыг огцруулах Ч.Лодойсамбуугийн санаачлаг Ардчилсан нам болоод Улсын их хурал дахь намын бүлгийнхээ дэмжлэгийг авах боломжгүй боллоо. Намын дарга Л.Гантөмөр нь хэлэхдээ Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу нарт хариуцлага тооцно гэв. Хамтарсан засгийн газар эхлүүлсэн ажлаа дуусгаж Хурдтай хөгжлийн төлөөх зориг хэмээх гурван намын дарга гарын үсэг зурсан гэрээгээ биелүүлнэ гэлээ. Мэдээж Засгийн газар огцорвол Ардчилсан намын дарга Л.Гантөмөр сайдын халуун бөгөөд ашигтай суудлаасаа ховхрох нь тодорхой. Тэхээр Ардчилсан намын даргын энэ үйлдлийг албан тушаалтайгаа зууралдах шалтаг гэж ойлгох уу? Эсвэл эхлүүлсэн ажлаа дуусгах зориг гэж ойлгох уу?
Мэдээж Ардчилсан намд олон бүлэг фракц бий. Х.Баттулга нарын бүлэглэл, Ц.Элбэгдорж нарын бүлэглэл, Сүүлд нэмэгдсэн Лу.Гантөмөр нарын бүлэглэл гэх зэргээр хөвөрнө. Тэхээр Лодойсамбуугийн дээрх санаачлаг Лу.Гантөмөр нарын бүлэглэлийн дэмжлэгийг авч чадахгүй нь. Цаашлаад Х.Баттулга нарын бүлэглэлийн дэмжлэгийг бүүрч авч чадахгүй. Херо Баатар, Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын хоршил өнөөдрийн байдлаар оргил үедээ яваа. Наад захын жишээ дурдвал пиарын бага нь нэг. Тэд кино хүртэл хамтарч хийж, хамтадаа найруулдаг.
Намын даргынхаа хорхойтой араанд зуугдсан Ж.Баярмаа гишүүн гэж хэн бэ? Ардчилсан намын дэд дарга тэрээр Гадаад хэлний дээд сургуульд англи хэлний орчуулагч, МУИС-д эрх зүйч мэргэжлээр бакалавр, Японы Осакагийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Мөн МУИС-ийн Бизнесийн сургуульд эдийн засаг, санхүүгээр суралцаж төгссөн. Олон улсын харилцааны сургуульд докторантурт суралцдаг Орос, Англи, Япон хэлтэй юм гэнэ лээ хум пад. Улс төрчийн хувьд мэдээж тэр хэн нэгний хүн. Намын жагсаалтаар сонгогдсон хүн ямар нэг бүлэг фракцад харьяалагдахгүй явах боломжгүй.
Ардчилсан намын дараагийн хагарал ойрхон байна. Л.Гантөмөрийг солих л юм бол Дээд шүүх дээр бүртгэлийн маргаан дахин үүсэхгүй гэх баталгаа даанч алга. Наад захын жишээ, Босоо Ганбаатарыг 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх санаатай Х.Баттулга хөдөө орон нутгаар Хөх тугаа нам намируулан явна. Үүнийг эгэл жирийн ардчилсан үзэлтэй гишүүд хэзээ ч дэмжихгүй. Гуч гаран жилийн түүхийг хамтадаа бичилцсэн үзэл санаандаа үнэнч явсан нэгнийг ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлнэ гэх л болов уу. Гаднаас орж ирсэн зүүний үзэлтэй популизм аар танигдсан нэгнийг дэвшүүлэх гэж Ардчилсан нам оршин тогтноогүй байх.
Ардын нам зүүний үзлээ, Ардчилсан нам барууны үзлээ баримталж явбал Монголын Ардчилалд тустай. Эцэст УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө хариуцлага тооцно гэдэг ирээдүйд том галыг ноцоох эхлэлийг тавьж байхыг үгүйсгэхгүй.
Чанцалын Бэлгүүтээ
Сэтгэгдэл бичих