-ТАНХАЙРЧ ВАГОНЫ ЭД ЗҮЙЛ ЭВДСЭН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ
БҮГДИЙГ НЬ ХАЛНА ГЭВ-
Зам тээвэр хөгжлийн яамны өмнөх хэрэг буюу өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний өдөр ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан. Эл хэрэг бүрэн шийдэгдээгүй ирэх баасан гарагт шүүхийн шатанд шилжиж буй билээ. Гэтэл тус яамны хэсэг бүлэг албан тушаалтнууд дахин танхайн хэрэг үйлджээ.
Болсон хэрэг явдлыг эхнээс нь сийрүүлбэл, Зам тээврийн хөгжлийн яамны сайдын 12 сарын 24-ны өдрийн 432 тоот тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах” комисс нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төслийн хүрээнд Зам тээврийн хөгжлийн яамны хэсэг ажилтнууд томилолтоор ажиллажээ. Уг ажлын хэсэгт Зам тээврийн яамны удирдах албаны зарим хүмүүс болон алба хаагчид, Улаанбаатар “Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг”-ийн ажилтнууд, “Монголын төмөр зам” ХХК-ийн ажилтнууд багтсан байсан аж. Тэд томилолтоор ажиллахаар өнгөрөгч оны 12 сарын 27-ны өдөр Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд явсан байдаг. Ингэхдээ “Улаанбаатар төмөр зам ХХК”-аас хоёр тусгай галт тэрэг нэмэлтээр гаргуулан явжээ.
Замын-Үүд чиглэл рүү явж байхдаа Зам тээврийн яамны удирдах албан тушаалтнууд замдаа архидан согтуурч нэмэлтээр гаргасан гэх галт тэрэгний эд зүйлийг эвдэлж, танхайрч хоорондоо зодолдсон байна. Харин ирэх замдаа буюу Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд тус ажлын хэсэгт багтсан “Монголын төмөр зам ХХК”-ийн ажилчид өнгөрөгч оны 12 сарын 29-ны өдөр мөн л хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар зодолдож, нэг нэгийгээ ална хэмээн дайрч зодолдохдоо вагонд гэмтэл учруулсан байх юм. Мөн “Улаанбаатар төмөр зам ХХК”-ийн шаардлага тавьсан ажилтанг хэл амаар доромжилж, айлган сүрдүүлжээ. Тус логистикийн төвийг хөгжүүлэх төслийн ажилтай танилцахаар явсан гурван байгууллагын төлөөлөл нийлсэн ажлын хэсгийн албан тушаалтнууд очихдоо болон ирэхдээ ч архидаж, ийнхүү танхайрсан байгаа юм.
Энэ талаар тухайн үед галт тэрэг замд явж байсан учраас цагдаад хандаж дуудлага мэдээлэл өгөөгүй. Харин үйл явдал өрнөж дууссаны дараа “Улаанбаатар Төмөр зам ХНН”-ийн дарга Д.Жигжиднямаа Зам тээврийн хөгжлийн яамны сайдад хаяглан албан бичиг илгээжээ. Тухайн албан бичигтээ танай яамны нэр бүхий албан тушаалтнууд “Улаанбаатар төмөр зам ХНН”-ийн тусгайлан гаргасан чиг үүрэг бүхий галт тэргэнд архидан согтуурч улмаар эд зүйл эвдэлсэн тул учирсан хохирлыг барагдуулж, арга хэмжээ авч өгнө үү гэсэн байна.
нэ дагуу Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар архидан согтуурч танхайрсан албан тушаалтнуудыг халах арга хэмжээ авахаар болжээ. Тодруулбал, тэрээр хэвлэлд яриа өгөхдөө: Энэ хэрэгт холбогдсон зарим албан тушаалтнуудыг ажлаас халах арга хэмжээ авна. Одоогоор хуулийн дагуу ажлын хэсэг гарч, албан тушаалтнуудаас тайлбар авч байна. Яг хэдэн хүн энэ хэрэгт холбогдсоныг одоогоор хэлэх боломжгүй байна гэжээ.
У.УРАНЦЭЦЭГ
Medee.Mn
Сэтгэгдэл бичих