Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх С.Сайнбаяртай уулзаж тус дүүрэгт 2022 онд өрнөсөн бүтээн байгуулалтын ажил, арга хэмжээний талаар ярилцлаа.
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт энэ онд дүүргийн төсөв хөрөнгө оруулалтаар нийтдээ 50 гаруй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна.
Он дуусах дөхсөн цаг үед тантай уулзаж байна. Та бүхний энэ онд ямар ажил, арга хэмжээнд түүлхүү анхаарч ажиллав? Хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай явж байна?
Дүүрэгт төрийг төлөөлөн ажилладаг бидний хувьд иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь нэн тэргүүний зорилт юм. Тэр утгаараа Эко дүүрэг гэсэн хөтөлбөрийг гаргаж, брэнд үүсгэхээр зорьж, Ерөнхий сайдын орон нутгийн удирдлагуудад үүрэг болгосны дагуу хоггүй, ногоон, цахим дүүрэг болохын төлөө ажиллаж байна. Энэхүү зорилтынхоо хүрээнд бид энэ онд бүтээн байгуулалтын ажлуудаа эрчимжүүлж, дэд бүтцээ сайжруулахын зэрэгцээ хот тохижилт, тэр дундаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласан жил болж байна. Дүүргийн хөрөнгө оруулалтаар 50 гаруй төсөл, арга хэмжээг төлөвлөж ажилласан. Одоогийн байдлаар хэрэгжилт 90 гаруй хувьтай байна.
ХОГ ХАЯГДАЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
Та бүхэн бүтээн байгуулалт, тохижилтыг хийгээд байхад нөгөө талдаа зах замбараагүй хог хаягдал тэр бүхнийг гутаах явдал их байдаг. Хог хаягдалтай Хан-Уулчууд хэрхэн тэмцэж байна? Нийслэл хот бол улсын нүүр царай шүү дээ?
Манай дүүргийн хүн ам маш хурдацтай нэмэгдэж байна. Жилд 5-6 мянган өрх нэмэгдэж байна. Барилга, байгууламжууд ч ихээр баригдах болсон. Өнөөдрийн байдлаар дүүргийн хүн ам албан ёсны эх сурвалжаар 225 мянга гэж гарсан. Харин албан бус түр оршин сууж буй бүртгэлгүй иргэдээ оруулахад 280 гаруй мянган иргэнтэй болсон. Хүн ам нэмэгдэхийн хэрээр зах зээл тэлж, хэрэглээ өсдөг. Нөгөө талдаа хог хаягдлын хэмжээ бас нэмэгддэг. Аж ахуйн нэгж, айл өрхөөс гарч байгаа дээрх хог хаягдлыг дөрвөн хог, тээврийн байгууллагын ажилчид албан хаагчид 48 машин техникээр өдөр шөнөгүй зөөж тээвэрлэн ажиллаж байна.
Дүүргийн хэмжээнд хог тээвэрлэж буй техник, тоног төхөөрөмж маш муудсан, парк шинэчлэлтийн ажил үндсэндээ орхигдсон байсан. Нийт тээврийн хэрэгслийн 80 гаруй хувь нь ашиглалтын хугацаа дууссан учраас эвдрээд зогсчихдог. Засвар үйлчилгээнд оруулахад цаг хугацаа алдаж улмаар хог хаягдал хуримтлагдах нөхцөл байдал үүсдэг.
Энэ хооронд иргэд бухимддаг хүнд нөхцөлтэй байсан. Тийм учраас парк шинэчлэлтийн ажлыг эхлүүлж, 2021 онд 12, энэ онд мөн 12 авто машинаар парк шинэчлэлтийг хийсэн. Нөгөө талдаа энэ хүнд ажлыг гардаж хийдэг хүмүүсийн хөдөлмөрийн нөхцөлийг харгалзан үзэж цалингийн фонд, нийгмийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлснээр эдгээр хүмүүс маань тогтвортой ажиллах боломж нөхцөл бүрдсэн. Мөн хогийн савнуудыг шинэчлэх ажлыг шат дараатай хийж байна. СӨХ-үүд дээр эх үүсвэр дээр нь хогийг ангилах ажил ч ид өрнөж байна.
Дан ганц төрөөс, хог тээврийн компанийн үйл ажиллагаанаас хог хаягдлын асуудлыг хамаатуулан ойлгож болохгүй. Иргэдийн ухамсаргүй үйлдэл, хаа таарсан газраа хогоо хаядаг асуудал нь нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж, хотын өнгө үзэмжийг муутгадаг. Тиймээс бид иргэдийнхээ ухамсар, мэдлэгийг дээшлүүлэх хэлэлцүүлэг, сургалтуудыг хороо, цэцэрлэг, сургууль, холбогдох газруудад шат дараатай зохион байгуулсны үр дүнд иргэд маань зориулалтын бус газар хог хаях асуудал багассан. Дээр дурдсан олон арга хэмжээний үр дүнд манай дүүрэгт иргэдээс хог, хаягдалтай холбоотой гомдол санал багасаж, дүүрэг маань цэвэр, эрүүл орчныг бүрдүүлэх ажил ерөнхийдөө жигдэрсэн.
Нэг зүйлийг тодруулъя. Иргэд хогоо ангилж хаядаг ч тээвэрлэхдээ нийлүүлээд аччихдаг гэх яриа байдаг. Үүнийг шийдэж чадсан уу?
Өнөөдөр нийслэл хотод мөрдөгдөж байгаа тариф яаж тооцдог вэ гэхээр хогийн цэг дээр хэдэн тонн хог хаясан түүгээр нь тооцож нэг тарифаар боддог. Айл өрхүүд 2000 онд батлагдсан үнээр хог хаягдлын төлбөрөө тооцож мөнгөө төлдөг. Бид дүүрэг дотроо ангилан ялгасан, дахивар хог хаягдлыг аваад дахин боловсруулах үйлдэрүүдэд хүргэхэд ямар өртөг зардал гарах вэ, ямар зохион байгуулалтаар хийх вэ гэдгийг шийдэх үүднээс хороо, сөх, хог тээвэрлэгч, хог дахин боловсруулагч үйлдвэрүүд, мэргэжлийн төрийн бус байгууллага гээд оролцогч талуудыг хамруулсан хэлэлцүүлэгүүдийг үе шаттай зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр нэгэнт үйлдвэрүүд ангилсан хог хаягдлыг тухайн цэгээс авч чадахгүй учраас бид ачаад хүргэж өгөх, энд гарах зардлыг үйлдвэрээс гаргуулах зарчмыг тогтсоны дагуу манай дүүрэгт ангилсан хогийг тусад нь ачдаг, хүргэж өгдөг үйл ажиллагаа хэрэгжиж эхэлсэн. Цаашдаа бид ер нь хог хаягдлын хураамжыг оновчтой тогтоох чиглэлд анхаарах шаардлагатай Иргэдээс сард авч байгаа хураамж хог хаягдлыг тээвэрлэх нийт зардлын 20 хувийг л нөхөж байна.
109 БАЙРШИЛД ТОХИЖИЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖЭЭ
Таны ярианд ногоон байгууламж, тохижилтын ажлыг чамгүй хийсэн тухай гарсан. Энэ онд тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлд гарсан ахиц юу байв?
Нийслэлээс “Манай хороо-Миний гудамж” аяныг жил бүр зохион байгуулдаг. Уг аянаар хотын өнгө үзэмжийг сайжруулж бусдыгаа манлайлж байгаа иргэд, Хороо, хэсэг, СӨХ, хог тээврийн болон зам тээврийн байгууллага, иргэн, ААН-үүдийг есөн номинациар шалгаруулдаг.
Энэ онд манай дүүрэг долоон номинацад тэргүүлсэн амжилттай байна. Энэ бол бид хот тохижилтын чиглэлд ямар амжилттай ажилласан бэ гэдгийг илтгэх нэг үзүүлэлт болов уу. Ер нь нийслэлээс хот тохижилт, хүрээлэн байгаа орчныг тохижуулах, сайжруулах чиглэлд хотын стандартыг гаргаж мөрдөж эхэлсэн. Бид үүний хэрэгжилтийг хангаж дүүргийнхээ хороо, хэсэг, СӨХ-өөс эхлээд цэвэр орчныг бий болгох чиг үүрэг бүхий байгууллага нэг бүрийг зохион байгуулалт, удирдлагаар хангаж ажилласны үр дүнд нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 109 байршилд тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хийсэн.
109 гэдэг бол завсар зайгүй барилгажсан өнөө үед том тоо сонсогдож байна. Хүүхэд тоглох талбай, нийтийн эзэмшлийн саад, ногоон байгууламж байгуулая гэхээр газар байдаггүй. Ийм хүндрэл танай дүүрэгт байна уу?
Энэ бол үнэхээр том асуудал. Иргэдээс тохижилт хийлгэхээр санал гаргасан газрууд тохижилт хийе гэхээр аль нэг иргэн, ААН-ын эзэмшлийн газар болж таардаг. Давхцдаг. Үүнээс болоод зарим ажлууд зогсох тохиолдол байна. Гэтэл тохижилт, үйлчилгээний ажил бол нийтийн эрх ашгийн төлөө хийгддэг чухал ажил. Энэ утгаараа бид ажлаа ургагшлуулж, орчноо сайжруулахын тулд ажил эхлэхийн өмнө судалгаагаа нарийн хийж, зураг төсөл, төсвийг боловсруулж, алдаа хүндрэл гарахаас сэргийлж байна. Тэгэхгүй бол бусдын эзэмшлийн талбай дээр давхцал үүссэн тохиолдолд төлөвлөгдсөн ажил хэрэгжихгүй байх мөн төр иргэдийн хооронд маргаан үүсч хууль, шүүхээр яваад хаа хаанаа чирэгдэл учруулдаг. Төсвийн үргүй зардал гардаг. Иргэн цаг заваа бардаг тохиолдол ч гарах эрсдэлтэй.
Иргэдийн хувьд нийтийн эзэмшлийн талбайг ногоон болгохын оронд машины зогсоол барих сонирхолтой байдаг нь ч дүүрэгт ажиглагддаг шүү?
Бид иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлаж ажил, арга хэмжээг хэрэгжүүлдэг. Иргэдээс ирсэн саналыг эрэмбэлээд хамгийн их эрэлт, хэрэгцээтэй ажлыг эхэнд нь хийхийг зорьдог. Таны асуудаг үнэн. Улаанбаатар хотод автомашины тоо маш их нэмэгдсэн иргэд автозогсоол олноор байгуулахыг байнга хүсдэг. Өнөөдөр Улаанбаатар хот зам дээрээ ч, байр, орцны үүдэнд ч түгжирч, үндсэндээ машины илүүдэлд орчихсон. Нэгэнт нөхцөл байдал хүндэрсэн, иргэд зогсоол шаардаж байгаа бол бид түүнийг боломжтой бүхий л хувилбараар хэрэгжүүлэх ёстой.
Тухайлбал, энэ онд нийслэлээс зохион байгуулсан нэг том ажил бол гараш чөлөөлөх ажил байсан. Манай дүүрэгт 12 байршилд чөлөөлөлт хийж иргэдийн саналын дагуу долоон байршилд нь буцаагаад зогсоол барьсан. Ер нь цаашдаа бид дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишгийг барьж давхар, газар доогуурх зэрэг зогсоолуудыг байгуулах ёстой.
Наад зах нь шинээр баригдаж байгаа хотхон, барилгуудад энэ шийдлийг нэвтрүүлээд явах хэрэгтэй. Манай дүүргийн яармагийн бүсэд дахин төлөвлөлтийн ажил хийгдэж эхэлсэн. Энд хотжилт явагдахад дүүргийн зүгээс автозогсоол байгуулах, хүүхдийн сурч, хүмүүжих сургууль, цэцэрлэгийг байгуулах, ажлын байрыг орон сууцны орчимд давхар шийдэх шаардлагыг тавиж байгаа. Ингэхгүй бол яармагт баригдаж байгаа барилгуудын 90 хувь орон сууцны барилга. Ажлын байр байгуулдаггүй. Ингэхээр иргэд маань хүүхдээ хүргэх, ажилдаа явах гээд бүгд хотын төв рүү гарч байна. Сүүлийн жилүүдэд бид нэгдсэн ерөнхий төлөвлөлтгүй явснаас үүдэж яармагийн түгжрэл гэх нэр томъёо хүртэл гарчихлаа. Жишээ нь Богд уул орчмын тусгай хамгаалалттай бүсэд 70 мянган иргэн бүхий хотжилт үүсчихсэн. Гэтэл тэр бүсэд сургууль, цэцэрлэг байгуулах боломж Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулиараа боломжгүй. Энэ болгон асуудал. Үүнийг шийдэх үүднээс Богдын захиргаа, холбогдох яамтай судалгаа гаргаж, саналаа хүргүүлж байна. Цаашид энэ бүс нутаг, тэнд байгаа айл өрхийг хот хариуцаад явах эрх, үүргийг нь нээж өгөх хэрэгтэй гэж хардаг. Орон нутаг шийдье гэхэд хуулийн зохицуулалтын хувьд учир дутагдалтай.
ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ГУРВАН ЦЭЦЭРЛЭГИЙГ ШИНЭЭР БАРЬЖ, АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Таны ярианаас сонсоход Хан-Уул дүүргийн тодорхой хэсгүүдэд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ тааруу байдаг бололтой. Дүүрэг үүнд хэрхэн анхаарч байна?
Сургууль, цэцэрлэг байгуулах асуудал бол чиг үүргийн хүрээнд БСШУЯ, нийслэлд хамаарах ажил. Дүүргийн хэмжээний судалгаа, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан хаана, ямар сургууль, цэцэрлэг шинээр шаардлагатай байгаа талаарх судалгаа саналаа бид холбогдох газруудад хүргүүлсэн. Гэхдээ бид дээрээс шийдэх ёстой гээд хараад суулгүй энэ жил үнэхээр шаардлагатай байгаа гурван байршилд дүүргийн хөрөнгө оруулалтаар газрыг нь чөлөөлөөд цэцэрлэг барьж байна. 15 дугаар хороо буюу Төв цэнгэлдэх орчимд, 16 дугаар хороо буюу Буянт-Ухаа хороолол, Яармаг буюу 4 дүгээр хороонд тус тус барьж байна. Яармагт баригдаж байгаа цэцэрлэг энэ сард ашиглалтад орно. Ингэснээр ямар ч байсан дээрх хороо, байршлын хүүхэд багачуудын тодорхой хэсэг цэцэрлэгтэй болж, тун удахгүй 250 гаруй хүүхэд шинэ цэцэрлэгтээ явна.
НИЙСЛЭЛД АНХДАГЧ ХАМГИЙН ТОМ “НҮХЭН ГАРЦ”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ БАРИГДАЖ БАЙНА
Хүүхэд гэснээс яармагийн замаар хөндлөн гарна гэдэг явган зорчигч, ялангуяа хүүхдүүдийн хувьд маш эрсдэлтэй алхам болдог. Энэ замаар тээврийн хэрэгсэл хамгийн багадаа 60 км/цагийн хурдтай явдаг гэсэн судалгаа бий. Та бүхэн гарцын аюулгүй болгоход шийдэл гаргасан уу?
Наадамчдын зам 2015 онд ашиглалтад орсон. Үүнээс хойш энэ замтай холбоотой зам тээврийн ослоор 60 гаруй хүн амь эрсэдсэн харамсалтай судалгаа байна. Одоо бол гэрлэн дохиогоор зам дээгүүр гарч байгаа. Энэ нь осол аваараас гадна өнөөх түгжрэлийн нэг шалтгаан болж байна.
Тиймээс ЗЦГ-тай хамтран судалгаа хийсэн. Тус замын хамгийн эрсдэл өндөр бүхий гурван байршлыг тодорхойлж бид нүхэн гарц байгуулах ажлыг 2021 онд эхлүүлсэн. Энэ онд бүтээн байгуулалтын ажил хийгдэж, ажлын явц 90 хувьтай байна. Ондоо багтааж эхний Нүхэн гарцыг ашиглалтад оруулна. Цаашдаа аюулгүй гарцын тоог нэмэгдүүлэх зорилго тавьсан.
Хан-Уул дүүргийн талаар ярихаар Зайсан, үйлдвэрийн район, Яармаг, Нисэх төсөөлөгддөг. Тэгтэл танай дүүрэгт алслагдсан хороод бас бий шүү дээ. Тийшээ чиглэсэн ямар ажил хийж, хэрэгжүүлсэн бэ?
Манай дүүрэгт Био, Шувуу, Өлзийт гээд гэр хорооллын айл, өрхтэй хороод бий. Энэ бүс нутагт бид цахилгааны шугам сүлжээг сайжруулах, дэд бүтцийг шинэчлэх ажлуудыг эрчимтэй хийсэн. Нэгэнт хүмүүс амьдарч байгаа учраас усан хангамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байдаг. Эдгээр ажлуудад анхаарлаа хандуулж, хөрөнгө оруулалтыг хийдэг. Дээр нь манай Туул тосгоны дулааны шугам сүлжээ олон жил засвар үйлчилгээ хийгээгүйгээс хүндрэлтэй явж ирснийг тойргоос сонгогдсон нийслэлийн төлөөлөгчдийн дэмжлэгтэйгээр дулааны шугам сүлжээний ажлыг 40 гаруй жилийн дараа шинэчлэх ажил явагдаж байна. Нэмж хэлэхэд бид дүүргийн хэмжээнд зам, гудамжны гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг шат дараатай нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Ингэснээр гэмт хэргийн гаралт буурах, иргэд шөнө, оройдоо амар тайван зорчих боломж бололцоог нэмэгдүүлж байна.
Ярилцлагын төгсгөлд он удаан яригддаг нэг сэдвийг тодруулъя. Хан-Уул дүүрэг эко дүүрэг болох зорилттой. Гэтэл танай дүүрэгт арьс ширний тэргүүтэй томоохон үйлдвэрүүд байдаг. Нэгдсэн төлөвлөлтгүй шугам сүлжээнээсээ болоод орон сууцнууд бохироо хаашаа цутгадаг нь ойлгомжгүй явж ирсэн. Өнөөдрийн байдлаар энэ асуудал ямар хэмжээнд шийдэгдсэн бэ?
Манай дүүрэг өөрөө социализмын үед томоохон үйлдвэрүүдтэй, ажилчдын район байсан. Одоо бол хотжилт ихээр явагдаж буй соёл урлаг, бизнес, үйлчилгээний төв болон хөгжиж байна. Тийм учраас олон жил яригдсан асуудлыг нэг талд гаргаж үйлдвэрүүдийг шат дараатай нүүлгэн шилжүүлж байгаа. Асуудал дагуулж ирсэн арьс ширний үйлдвэрүүд гээд томоос нь эхлээд шилжүүлж байна. Цөөн үлдсэн үйлдвэрүүдтэй хариуцлагын гэрээ байгуулж, харилцан ойлголцоод явж байгаа. Цар тахал, хөрш орнуудын үймээнтэй байдлаас шалтгаалсан эдийн засгийн эмзэг, адармаатай цаг үед үндэсний үйлдвэрлэгчид, ажил олгогч, тэнд байгаа ажилчдын орлогыг тасалдуулж, бизнесийг хаах нь өөрөө оновчтой шийдвэр биш гэж боддог. Дархан, Эмээлтэд байгуулагдаж буй аж үйлдвэрийн паркууд ашиглалтад орж дуусахад үлдсэн үйлдвэрүүд бүгд гарна. Энэ бол цаг хугацааны асуудал.
Шугам сүлжээний асуудлаар дүүргийн зүгээс шат шатны холбогдох байгууллагад санал, хүсэлтээ хүргүүлээд явдаг. Шугам сүлжээний асуудлыг дээд шатны байгууллагад удаа дараа тавьсны үр дүнд Зайсан чиглэлд төвийн нэгдсэн шугамтай холбох цэвэр, бохир, дулааны шугамын ажил явж байна ирэх онд ашиглалтанд орно.
Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл бичих