МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, шөнө дөлөөр үргэлжлэн явагдсан юм. Бага хурлаар шөнийн 22:00 цаг хүртэл хэлэлцсэн асуудлуудыг бид БАГЦЛАН мэдээлсэн билээ.Үүнээс хойших мэдээллүүдийг дараах байдлаар хүргэж байна.
НЭМЭЛТ: 02:30 ЦАГТ
-МАН-ЫН ДҮРМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ-
МАН-ын Бага хурлаар ҮРГЭЛЖЛҮҮЛЭН намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцсэн юм. Намын дүрэмд шинээр дөрвөн зүйл, таван заалт, дүрэмд өөрчлөлт оруулах таван зүйл, таван заалт нэмж, харин МАН-ын дүрмээс нэг зүйл, нэг заалтыг хассан байна. Бага хурлын гишүүд дүрмийн өөрчлөлтөөр санал хураалт явуулж, бүх өөрчлөлтүүдийг дэмжиж, хасах заалтыг ч мөн дэмжигджээ.
Мөн Бага хурлаар намын Удирдах зөвлөл болон Бага хурлын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Ингэснээр Удирдах зөвлөлийн гишүүн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Батболд нар ажлаа өгсөн учраас тэдний оронд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарыг оруулах, мөн Бага хурлын 12 гишүүн өөр ажилд томилогдсон учраас тэднийг хасч, орны гишүүдийг нь томилжээ.
МАН-ын Бага хурал шөнийн 04:00 цаг хүртэл үргэлжлэн явагдаж, хаалтаа хийсэн юм. Өнөөдөр 12:00 цагт Бага хурлаар хэлэлцэн асуудлын талаар МАН-аас мэдээлэл хийх аж.
НЭМЭЛТ: 00:10 ЦАГТ
БАГА ХУРАЛ: ГИШҮҮДИЙН 95 ХУВИЙН САНАЛААР М.ЭНХБОЛДОД
ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ДЭМЖИВ
МАН-ын Удирдах зөвлөл хуралдсаны дараа Бага хурал үргэлжлэн хуралдсан юм. Бага хурлын эхэнд МАН-ын дарга У.Хүрэлсүх “Намын Удирдах зөвлөл сая хуралдлаа. Асуудлыг нэлээд нухацтай олон талаас нь ярьж, санал бодлоо солилцлоо. УИХ-ын дарга маань энэ асуудлыг хүлээж авах боломжгүй, хууль дүрмийнхээ дагуу шийднэ биз дээ гэсэн байр суурьтай байна. Хаалттай хуралдаан явж байгаа учраас би хэлэхийг хүсч байна. Бид хоёр бас уулзсан. Та УИХ-ын даргын ажлаа өгчих, би Ерөнхий сайдынхаа ажлаа өгье. Төрийн эрх барих дээд байгууллага нь үйл ажиллагаагаа явуулаг, намын дотоод эв нэгдэл хадгалагдаж үлдэг, 37:27 болоод байгаа их хурлын гишүүдийн сэтгэл нь амраг, хоорондоо эв эеийг олоод явбал яасан юм бэ гэдэг асуудлыг УИХ-ын даргад тавьсан.
Энэ саналыг бас л хүлээж авах боломжгүй гэсэн. Ингээд бидний уулзалт ярианы сэдэв ерөнхийдөө хаагдлаа. Тийм учраас намын Бага хурал дээр намын даргын тавьсан, оруулж ирсэн хүсэлтийн дагуу намын Бага хурал улс төрийн тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй байх гэж бодож байна. Үүнийг би Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн зүйл болохгүй гэж бодож байгаа” гэсэн байна.
Ингэснээр УИХ-ын дарга М.Энхболдод ёсзүйн хариуцлага тооцон, албан тушаалаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулахад Бага хурлын гишүүдийн 95 хувь нь дэмжсэн байна. Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд “Би өглөө Бага хурал эхлэхэд өөрийнхөө бодол, байр суурийг хэлсэн. Сая болсон Удирдах зөвлөлийн хурлын дараа энэ яригдаад байгаа асуудлуудыг шалгуулах ёстой юм байна, надтай холбож яриад байгаа зүйлүүдийн үнэн худлыг тогтоох ёстой юм байна гэсэн бодол төрсөн. Би өглөө хэлсэнчлэн өргөдлөө өгөх хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэдэг байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Гэхдээ би энд хэдэн зүйлийг тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна.
Өнөөдөр намын Бага хурал, намын удирдлага УИХ-ын даргыг огцруулах тухай асуудлыг ярьж, сүүлийн жилүүдэд нийгэмд болсон муу муухай бүхнийг над руу нааж, нялзаах гэж ярилаа. Одоогоос жил гаруйн өмнө намын Бага хурлын гишүүдийн 85 хувийн саналаар надад итгэл хүлээлгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байсан. Сонгуульд амжилттай оролцож чадаагүй буруугаа хүлээж, тухайн үед хурал дээр энэ тухай ярьж байсан” гэж тодотгосон байна.
НЭМЭЛТ: 23:10 ЦАГТ
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХ ДЭЭР
НЭГДСЭН ШИЙДВЭРТ ХҮРЧ ЧАДСАНГҮЙ
МАН-ын дарга У.Хүрэлсүх Бага хурлын эхэнд улс төрийн илтгэл тавих үеэрээ УИХ-ын дарга М.Энхболдод ёсзүйн хариуцлага хүлээлгэн, албан тушаалаас нь чөлөөлөх санал оруулсан юм. Үүнийг М.Энхболдын талынхан эсэргүүцэж, Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн билээ. Улмаар М.Энхболдод ёсзүйн хариуцлага хүлээлгэх тухай тогтоолын төслийн агуулгыг батлах үеэр М.Энхболдын талын УИХ-ын гишүүд эсэргүүцэл илэрхийлэн, танхимыг орхин гарсан юм.
Ингэснээр МАН-ын дарга У.Хүрэлсүх намын Удирдах зөвлөлийг хуралдуулахаар болж, Бага хурлыг түр завсарласан. Гэвч Удирдах зөвлөлийн хуралдаанаар эрх баригч намын хоёр хуваагдсан тал цаг гаруй маргалдаж, нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй салсан юм.
Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн өөр нэг асуудал нь Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат тэргүүтэй МАН-ын долоон гишүүнийг БАГА ХУРЛААС ХАСАХ шийдвэрийг хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, уг асуудлыг Бага хурлаар оруулахгүй байхаар болжээ.












Сэтгэгдэл бичих