ОХУ-ын Тувагийн Өвөр хошуу, Мөнгөн тайга гэсэн хоёр хошуунд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, Эрүүл мэндийн газраас нь онц байдал зарлаад байгаа бөгөөд Оросын шинжээчид Монголоос орж ирсэн гэж үзэж байгаа юм.
Халдварын сэжигтэй Мөнгөнтайга хошууны Тоолайт хэмээх газарт найман хот айлтай, 35 том хүн, 16 хүүхэд амьдардаг байна. Харин өвчтэй тарвага баригдсан Өвөр хошууны Хандгайт тосгон 3000 хүнтэй тул байдал эгзэгтэй байгаа гэнэ. Тосгоныг тойруулан хөл хорио тогтоож, ариутгал хийж байна. Мөн Монголтой хил залгаа суурингийн оршин суугчдад вакцин тарьж эхэлжээ.