Цар тахал дэгдсэнээс хойш 20 сая гаруй хүн халдвараар өвчлөж, 732 мянга гаруй хүн нас барж, 12,8 сая хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий нийтээр 273 мянган хүн корона вирусийн халдвар авч 6000 гаруй хүн нас барлаа.
Харин энэ үеэр Шинэ Зеланд улсад сүүлийн 100 өдөр шинээр коронавирусийн тохиолдол илрээгүй байна. Халдвар илрээгүйтэй холбогдуулан тэдний хэрэгжүүлж буй арга хэмжээг бусад улс орнууд анхааралдаа авсан байв.

Шинэ Зеланд улсын ерөнхий сайд Жасинда Ардерн хэлэхдээ:
“Бидний стратеги маш энгийн юм. Бид хэцүү ч гэсэн амархан, энгийн байдлаар шийдэхийг хүссэн. Шинэ Зеланд улсад “Go hard, Go early” нэртэй зарласан хөл хориогоо 5 долоо хоногийн туршид үргэлжлүүлэхдээ иргэддээ хатуу дүрмүүдийг сануулж байсан юм. Харин хатуу уриалж байсан энэ дүрэм 2 долоо хоногийн дотроос үр дүнгээ өгч эхэлсэн. Үүнд: Гудамж талбайд гарахгүй байцгаая, наран шарлага орохгүй байцгаая, автомашин жолоодохгүй байцгаая, хөршийндөө очих ч хэрэггүй!” гэх мэтээр иргэддээ сануулсан байна. Нэмж хэлэхэд бусад улс орнууд Шинэ Зеланд улсын энэхүү ажил нь үр дүнтэй, сайн үйлчилж байна хэмээн дүгнэцгээж байна.

Мэргэжилтнүүд корона вирусийн хоёр дахь давалгаа намар тохиох магадлалтайг сануулж байгаа юм. Учир нь зарим оронд дэгдэлт аажмаар буурч байгаа ч, Европын бусад орнуудад халдвар нэмэгдэж байгаа нь ажиглагдсан байна.
Эх сурвалж: CNN











