Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-нд Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсэг болон Улаанбаатар хот орчмоор их цас орохыг анхаарууллаа.
Мөн баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдах, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхаарууллаа.
Өнөөдөр Ховд, Увс, Завханы зарим, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх, Өвөрхангайн хойд, Хэнтийн баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх аж.
Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг, их цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, агаарын температур +1…+3 градус дулаан байна. Энэ нь өчигдрөөс зургаан градусаар хүйтрэх үзүүлэлт юм.
Тэрэлж орчмоор их цас орж, 0…+2 градус дулаан байх бол Багануур орчмоор цас орж, +1…+3 градус дулаан байна.
Иймд малчид, иргэд, тээвэрчдийг цасан шуурга, үзэгдэх орчны хязгаарлалт, замын халтиргаа гулгаанаас сэрэмжилж, холын замд гарахдаа цаг агаарын мэдээг тогтмол авахыг анхааруулж байна.
Эх сурвалж: ЦУОШГ












Сэтгэгдэл бичих